IKEA компани 29 сая тавилгаа эргүүлэн татахаар болжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-22 17:46:57

Бага насны хүүхэд амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн олон тооны тохиолдлын улмаас Шведийн IKEA компани дэлхийн хэмжээнд нийт 29 сая шүүгээ, ханын тавиур гэх зэрэг тавилгуудыг эргүүлэн татахаар болсон байна. Тус компаний зүгээс үүнтэй ижил төстэй мэдэгдлийг нэг жилийн өмнө хийж байсан бөгөөд мөн тус компаний бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдэд ханын тавиур, хувцасны шүүгээ зэргийг ханандаа бэхлэн тогтоохыг анхааруулж байсан юм. IKEA брендийн Малм загварын шүүгээтэй холбоотой 186 гомдол ирснээс 91-д нь хүн бэртэж гэмтсэн бол мөн бусад загварын тавилгуудтай холбоотой 113 гомдол ирснээс 53 тохиолдолд нь мөн л бэртэж гэмтсэн байна. Анх одоогоос 28 жилийн өмнө буюу 1989 онд IKEA брендийн тавилгын буруугаас үүдэн бага насны хүүхэд нас барсан тохиолдол гарч байсан бол өнөөдөр нас барсан бага насны хүүхдийн нийт тоо 8 болоод байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн 5 дугаар сард АНУ-ын Калифорни мужид 2 настай хүү дээр дурьдсан Малм загварын хувцасны шүүгээнд гацан, улмаар дарагдаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан юм. Өчигдөр АНУ-ын Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын хорооноос хувцасны шүүгээг хананд бэхлэн тогтоох тухай анхааруулга, сануулгыг жишээ нь дээр тайлбарлан ард иргэддээ хийгээд байна. Энэхүү сануулгыг мөн IKEA компаний зүгээс өчигдрөөс эхлэн дахин гаргаж, олон нийтэд анхааруулж эхлээд байна. Мөн АНУ-ын хэмжээнд 2002 оноос 2016 оны хооронд нэг ширхэг нь 70-200 ам.долларын үнээр борлуулагдсан 17.3 сая тавилгыг эргүүлэн татахаар болсон дэлхийн хэмжээнд нийт 29 сая тавилгыг тус компани эргүүлэн татахаар болоод байна. Эргүүлэн татахаар болсон аюултай бүтээгдэхүүний жагсаалтанд орсон тавилгыг сери, дугаар, загвараар танихад тус дөхөм болох үүднээс тус компани шинээр вебсайт нээн ажиллуулахаар болжээ. Мөн хэрэглэгчдэд барааг эргүүлэн авч, нөхөн төлбөр олгохоос гадна мөн хананд тогтоогч үнэгүй авах сонголтыг олгож байгаа юм байна. Нөхөн төлбөр авах сонголтыг хийсэн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй гэрт нь очиж, буцаан авах үйлчилгээг санал болгож байгаа ажээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих