Өмнөд Солонгост шувууны ханиадны H5N6 вирусын халдвар илэрчээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-22 11:04:04

Өмнөд Солонгосын Ганвондо аймагт шувууны ханиадны H5N6 вирусын халдвар тархсан байж болзошгүй талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдээлж, халдварын тархалтыг цаг алдалгүй зогсоох арга хэмжээг авч эхлээд байна. Шувууны ханиадны вирус илэрсэн Ганвондо аймгийн хэсэг нь 3 сарын дараа эхлэх гэж байгаа 2018 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулагдах Пёнчан хоттой ойрхон оршиж байгаа нь асуудал дагуулаад байгаа бөгөөд халдварыг цаг алдалгүй нэн даруй зогсоох үйл ажиллагаанд Өмнөд Солонгосын эрх баригчид гол анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэгэхээр маш аюултай гэгддэг шувууны ханиадны H5N6 вирусын анхны тохиолдол тус улсын Жеоллабукдо аймгийн Гочан хот дахь 12000 гаруй нугас бүхий шувууны фермд энэ долоо хоногийн даваа гаригт анх бүртэгдсэн бөгөөд үүний дараагаар Өмнөд Солонгосын засгийн газраас тухайн улсын хэмжээнд амьд шувуу болон шувууны махны тээвэрлэлтэд 48 цагийн хорио тогтоох гэх зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Өмнөд Солонгосын Хүнс, ХАА-н яам мөн нийслэл Сөүл хотоос 400 км-ийн зайд орших Жеолланамдо аймгийн Сунчеон хотын орчмоос дээр дурьдсан вирусын халдвар авсан тэжээмэл бус буюу зэрлэг нүүдлийн шувуудын сангасыг олж илрүүлсэн талаараа мэдээлээд байна. H5 вирусын халдвар авсан нүүдлийн шувуудын сангасыг мөн Ганвондо мужийн Яанган хотын ойролцоогоос олсон болохыг мэдээлсэн байна. Яанган хот нь өвлийн олимпийн наадам зохиогдох Пёнчан хотоос ердөө 50 км-ийн зайд оршдог бөгөөд тухайн хотоос олдсон халдвар авсан зэрлэг шувуудын сангасанд хийж байгаа вирусын шинжилгээний хариу энэ долоо хоногийн эцсээр гарахаар хүлээгдэж байгаа юм байна. Өвлийн олимпийн наадмын талбайтай маш ойр газар нутгаас ийнхүү шувууны ханиадны вирус илэрсэн нь Өмнөд Солонгосын эрх баригчдыг нилээд хөдөлгөөнд оруулж эхлээд байна. Тус улсын Хүнс, ХАА-н яамны зүгээс зөвхөн H5 төрлийн вирусээс гадна мөн аюул багатай AI төрлийн шувууны ханиадны бусад төрлийн вирусын тархалтыг хянах ажлыг эхлүүлэн явуулж, цаг алдахгүйг хичээн ажиллаж байгаагаа онцолжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих