Хөтлөгч Чарли Рөүзийг ажлаас нь чөлөөлжээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-21 16:50:14

АНУ-ын CBS телевизийн ток шоуны хөтлөгч Чарли Рөүзийг 8 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн тухай Вашингтон Пост сонины даваа гаригийн дугаарт нийтэлжээ. Нийтлэл гарсны дараа телевизийн удирдах албаны ажилтнууд Чарли Рөүзийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. CBS Ньюс агентлагийн мэдэгдсэнээр Чарлигийн холбогдсон хэрэг бидний санааг тун их зовоосон учраас бид маш хүндээр хүлээж авсан гэжээ. CBS-ээс гадна PBS болон Блумберг телевизүүд ч мөн адил шийдвэр гаргасан байна. Хөтлөгч Чарли Рөүз дэмжигчдээсээ хүлцэл өчсөн ч сонины нийтлэлд бичсэн бүх зүйл үнэн биш гэжээ. Тэрээр "Өөрийн гаргасан үйлдлээсээ маш их ичиж байна, би мэдрэмжээ л бусадтай хуваалцаж байна гэж боддог байсан. Гэвч энэ нь алдаа байсныг одоо ойлголоо" гэсэн байна. 1990-2011 оны хооронд 8 эмэгтэйг оролдож өдөх, утсаар залгаж садар самуун зүйл ярих, хүсээгүй үйлдлийг нь хүчээр хийлгэхийг оролдсон гэж бичсэн байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 2 нь Рөүзийн удирдлаганд ажилладаг байсан ба өмнө нь нүцгэн алхаж айлгаж ичээхийг оролдсон гэжээ. Мөн нэг эмэгтэйг үдэшлэг дээр өдөж хоргоосон байна. Энэ жил 75 настай Чарли Рөүз Америкийн телевизийн салбарт хөлөө олсон, нэр хүндтэй хөтлөгчдийн нэг юм. 1991 онд анхны эфиртээ гарсан цагаасаа олон нийтийн хайр хүндлэлийг хүлээж ирсэн. Холливудын кино найруулагч, продюссер Харви Вайнстейн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоноос хойш Америкийн Оскарын шагналт жүжигчид, кино найруулагчид, цаашлаад хөтлөгчид хүртэл энэ хэрэгт буруутгагдаад байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих