Хатан хаан Элизабет, Хунтайж Филип нарын хуримын 70 жилийн ой тохиожээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-21 15:21:39

Их Британий хатан хаан 2 дугаар Элизабет одоогоос 70 жилийн өмнө Эдинбургийн гүн хунтайж Филиптэй гэр бүл болж байжээ. Тэд 1947 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лондон хотын Уэстминстер Эббид гэрлэж байсан түүхтэй. Хатан хааны гэр бүл хуримын ойгоо угтаж шинээр авахуулсан гэрэл зургаа олон нийтэд дэлгэжээ. Их Британий гүнж Элизабет хаан ширээ залгамжлахаасаа 5 жилийн өмнө хуримаа хийж байсан юм. Тэдний хурим дэлхий даяар шуугиан тарьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шагшин бичиж байжээ.

Энэ 7 хоногийн эхэнд олон нийтэд танилцуулсан гэрэл зургийг энэ сарын эхэн Виндсор шилтгээний Цагаан өрөөнд авсан байна. 91 настай хатан хаан загвар зохион бүтээгч Анжела Келлигийн урласан сувдан өнгийн даашинзаар гоёжээ. Мөн 1966 онд хунтайж Филипийн бэлэглэсэн Эндрю Гримагийн хийсэн бадмаараг, очир эрднийн чулуун чимэгтэй шар алтан энгэрийн зүүлтийг зүүсэн байна. Өнгөрсөн 5 дугаар сард 95 настай хунтайж Филип олон нийтийн арга хэмжээнд дахин оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.Үүний дагуу 9 дүгээр сараас эхлэн олон нийтийн арга хэмжээний урилга хүлээж авахаас татгалзах болжээ.

Хатан хаан Элизабет ч мөн нас өндөр гарсан тул хаан ширээ залгамжлагчийн үйл хэргийг өөрийн хүү хунтайж Чарльзад даатгах болжээ. Чарльзын том хүү Хунтайж Уильямын гэр бүл энэ онд Лондон руу нүүсэн. Тэд 3 дахь хүүхдээ хүлээж байна. Хатан хаан Элизабетын 6 дахь гуч хэн байх нь ард түмний дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих