Хүнд цүнхний дарамт
TV ZONE сэтгүүл
2017-11-21 11:41:01

Аминаасаа илүү хайрлах үр нь тэвхийтэл индүүдсэн цав цагаан цамцыг цэнхэр дүрэм хувцастай хослуулан өмсч, ном, дэвтэрээр дүүрэн цүнхээ нуруундаа үүрсэн сурагч болчихсон уу? Сургуулийн сурагч болж, жаахан бие нь өсч томорсон ч хэзээд сэтгэлд нялхаараа санагддаг үрдээ хамаг л өнгөтэй өөдтэй бүхнээ зориулан сэтгэл амар суудаг нь аав, ээжүүд бид. Нэгэн үе хүүхдийнхээ сонирхлыг татахуйц, сэтгэлд нь таарч тохирсон бүхнийг авч өгөхдөө эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх эсэх дээр төдийлөн анхаардаггүй байсан үе бидэнд бий. Одоо ч энэ хандлага тодорхой хэмжээнд байгааг үгүйсгэхгүй. Урдаас оруулж ирсэн хүүхэд хуурах төдий хуванцар тоглоомууд, биед сөрөг нөлөөтэй элдэв амттан шимттэн бүхэн саяхныг хүртэл жинхэнэ мандаж байлаа. Энэ үеийг бодвол одооны эцэг, эхчүүд хүүхэддээ ямар нэгэн идэж, хэрэглэх зүйлсийг нь сонгохдоо эхлээд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг анхаарч, худалдан авалт хийдэг болсон нь сайшаалтай. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, чанар муутай эд материал, хүнсний бүтээгдэхүүний нийгэмд эзлэх хувь хэмжээ багасч байгаагийн илрэл байх.

Тэгвэл өөрсдийнхөө үргэлжлэл болсон үрийнхээ төлөө бүхнээ зориулдаг эцэг, эхчүүд та бүгд хүүхдээ хичээлдээ явахдаа жаахан биеэндээ дааж дийлэмгүй их ачааг нуруундаа үүрч явдгийг анзаарч нэг харж байв уу? Сэтгэлд нь нийцсэн хүссэн цүнхийг нь авч өгсөндөө санаа тань амраад үүнд төдийлөн ач холбогдол өгч байгаагүй юу? Хэрэв тийм бол таны анзаарч харалгүй өнгөрөөсөн энэ асуудал ямар их хор уршиг дагуулдаг гэж санана! Хүнд цүнхээ дааж ядан бөгтийх, хичээлдээ ядарч сульдан хүнд цүнхээ үүрэлгүй хоёр гартаа барин алхах хүүхэд багачуудтай олонтаа таарч явсан болохоор энэ асуудлыг хөндөн үзэглэхэд хүргэсэн юм.

            Бага ангийн хүүхдүүд өдөрт дунджаар 4-5 цагийн хичээл судлахдаа 3-4 өөр төрлийн хичээлийн ном, дэвтэр, хажуугаар нь үзэг, балны сав, ном тогтоогч, зарим нэг нь ус болон хоолны сав зэргийг цүнхэндээ багтаан, түүнийгээ сургууль руугаа явах, ирэхдээ нуруундаа үүрсээр явдаг. Даахгүй байсан ч бөгтийж ядан алхаж, гүйхийн чөдөр тушаа болж, гагцхүү явах замаа аахилан алхаж барна. Ном гэхэд л овор ихтэй зузаан. Нэг бус, хэд хэдэн номыг агуулж явах хэрэгтэй учраас тэр хэрээр цүнх нь хүндрэх. Хүүхдийн биеийн жин, өндөр нам ямар байхаас үл хамааран тэд энэ их ачаатай цүнхээ хичээлийн жилийн турш үүрсээр дуусгана.

Сурагчийн цүнх дотроо олон төрөл янз. Ихэнхдээ тэд овор ихтэй. Хүүхдийн нуруунд хэт их ачаалал өгөхөөс сэргийлсэн чирээд авч явах зориулалт бүхий дугуйтай цүнх хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч үүнийг сонгох эцэг, эхчүүд цөөхөн. Мөн хүүхдийнхээ нас, биеийн онцлогийг үл харгалзан хэлбэр загварт нь гол анхаарлаа хандуулан, том овор ихтэй цүнхийг сонгох нь олонтаа. Жижиг биетэй, туранхай охид өөрөөсөө том цүнх үүрчихсэн явахтай та лав таарч л явсан байх. Мөн “Чиний цүнх ямар хүнд юм бэ!” хэмээн дуу алдах эцэг, эхчүүдтэй ч удаа дараа таарч л явлаа.

[ Судалгаагаар бага ангийн хүүхдүүд дунджаар 1-1,5 кг жинтэй цүнхийг үүрэхэд тохиромжтой. Өөрөөр хэлбэл, хүүхэд биеийн жингийнхээ 10 хувиас бага жинтэй ачааг нуруундаа үүрч явах ёстой гэсэн үг. Ийм жинтэй цүнх нь хүүхдийн нуруунд ачаалал өгөлгүй, яг таарч тохирдог ажээ. ]

 

            Энэ хэмжээнээс хэтэрсэн ачааг байнга үүрч явдаг хүүхдийн нуруу маш их ачааллын улмаас бага багаар суулт өгч, нурууны гэмтэл үүсэх гол эх үүсвэр нь болно. Ид өсч яваа биеийг өдөр бүр хүнд жингээр дарж, дээрээс нь нуруунд суулт өгч эхлэх нь хүүхдийн өсөлтийг багаас нь бууруулж байдаг аж. Гэтэл одоо гадуур худалдаалагдаж буй сурагчийн цүнхнүүд голдуу овор ихтэй, хүнд жинтэй. Цүнх нь өөрөө хүнд, дээрээс нь олон ном, дэвтэр хийчихээр томчууд бид ч өдөржин үүрч явахаас хальшрам хүнд. Олон ном, дэвтэр багтаах учраас том цүнх нь дээр хэмээн эцэг, эхчүүд гол төлөв хүүхдийнхээ өндөр, жин зэргийг бодолцолгүйгээр сонголтоо хийх нь элбэг. Үүнээс гадна, жиндээ тохирсон цүнхийг нь сонгосон ч хүүхэд буруу үүрсэнээс үүдэж нурууны гэмтэлтэй болох нь ч бий. Энэ тухай АНУ-ын үе мөчний мэс заслын эмч Данейл Грийн “Цүнхээ буруу үүрсэнээр хоёр мөр, гарны булчин, ар нурууны яс, хүзүү зэрэгт хэт их ачаалал өгөн өвдөлт өгч, гэмтэл үүсэх шалтгаан болдог” хэмээн “The Huffington Post” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тиймээс хичээлийнхэн цүнх нь хүүхдэд тань хэр их ачаа дарамт үүсгэж байгааг сайн ажигла. Хүүхэддээ цүнхийг нь үрүүлэн сургуульд нь хүргэж өгөөд хичээлд нь оруулахын өмнө хоёр мөрийг нь шалга. Мөн хоёр гарт нь цүнхийг нь бариулаад хэсэг явуулсаны дараа гарыг нь шалга. Хэрвээ хоёр мөр болон гарт нь үүргэвчний ором гарч, улайсан байвал энэ хэмжээгээр хүүхдэд тань ачаалал өгч, цүнх нь хүнддэн бяцхан биеийг нь дарангуйлжээ гэсэн үг. Түүнчлэн хүүхэд тань шилэн хүзүү хөшиж өвдөөд байна хэмээн учирлан хэлж байв уу? Хүүхэд байж битгий баашлаад бай хэмээн загнаж, хэлсэн үгийг нь үл ойшоон орхиж байв уу? Тэгвэл хүүхэд тань танд худлаа баашлаагүй, харин хоёр мөрөндөө үргэлж хүнд ачаа үүрч явдаг учраас ийн зовиур илэрч байгаа нь энэ. Байнга хүзүүгээр нь өвдөж, тэр нь сүүлдээ тархи руу дамжин өвтгөж, байнгын зовиуртай бие хичээлдээ анхаарах анхаарал нь тэр хэрээр сулардаг аж. Анхаарахгүй явбал эцэс сүүлдээ хүүхэд хичээлдээ дургүй болж, идэвх чармайлт нь суларч эхлэх сөрөг нөлөөтэй.

Хоёр мөртэй үүргэвчээс гадна нэг мөрөндөө үүрдэг цүнхийг хэрэглэх хандлага олон. Хэмжээ нь хэтэрсэн хүнд энэ төрлийн цүнхийг үүрэх нь бүр их эрсдлийг учруулдаг. Хүнд жин нэг мөрнөөс удаан дарснаар дээрх бүх өвчний үүр болохоос гадна хүнд жингээр дарсан мөр доош сууж, хоёр мөрний зай алдагдахад хүрдэг байна. Тиймээс өсч яваа жаахан биед хоёр мөртэй цүнх, тэр дундаа хүндийг тэнцвэржүүлэх бүсэлхийн бүстэй цүнх хамгийн тохиромжтой.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Цүнхний жин дээр хяналт тавь. Орой бүр хүүхдийнхээ хичээлийг бэлдэж, цүнхэнд нь хийх зүйлсэд хяналт тавь. Заавал авч явах хэрэггүй зүйлсийг нь гэртээ орхиж, дэвтэр, ном, үзэгний сав зэргийг нь л багтаах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд хэрэгтэй, хэрэггүй тоглоомноос эхлээд юу хамаагүй цүнх рүүгээ хийчихдэг улс шүү дээ. Мөн үзэгний сав зэрэг хэрэглэлүүдийг аль болох овор хэмжээ багатайг нь сонгож байхыг зөвлөж байна.

Цүнхний материал: Энэ их чухал. Томчуудын үүргэвчийг хүнд, чанга хатуу материалаар хийдэг бөгөөд ийм материал бүхий хүүхдийн цүнх ч бий. Том хэлбэртэй хэмжээтэй цүнхнүүд ихэвчлэн хүнд байдаг учраас дотор нь цөөн юм хийчихэд л улам хүндрээд ирдэг. Тиймээс хүүхэддээ аль болох хөнгөн, нимгэн зөөлөн материалтай цүнхийг хэрэглүүл.

Хэмжээ. Цүнхний хэмжээн дээр мөн анхаар. Жижиг биетэй байж том цүнх үүрэх нь хүзүү болон ташааг нь дарж, улам илүү зовиурыг мэдрүүлэх болно. Тиймээс аль болох том хэмжээтэй цүнхнээс татгалзаж, хүүхдийнхээ биед таарч тохирсоныг сонгох нь эрүүл мэндэд нь тустай.

Бүсэлхийн бэхлэгээ их чухал. Зарим сурагчийн цүнхнүүдэд бүсэлхий хэсгээрээ зүүх зориулттай бэхэлгээ байдгийг анзаарсан уу? Энэ их чухал. Нуруунд ирэх жинг энэхүү бэхэлгээ нь зөв хувиарлаж өгөх учраас ийм төрлийн цүнх нь эрүүл мэндэд тустай.

ЯМАР Ч ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДЭЭ БИЕ ЦЭХ, ӨВ ТЭГШ ӨНДӨР НУРУУЛАГ, ЭРҮҮЛ САРУУЛ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЧАРМАЙН АЖИЛЛАДАГ. ГЭХДЭЭ ТАНЫ ЧАРМАЙЛТЫГ ХҮНД ЖИНТЭЙ ЦҮНХ ААЖИМ ААЖМААР ҮГҮЙ ХИЙЖ БАЙГААГ ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛЭЭС ОЛЖ МЭДСЭН БАЙХ. ТИЙМЭЭС ОДОО ХҮҮХДИЙНХЭЭ ЖААХАН БИЕИЙГ ДАРАНГУЙЛАН ЗОВООХ ХҮНД ЦҮНХНЭЭС СЭРГИЙЛЖ, БИЕД НЬ АЧАА БОЛОХООРГҮЙ ХӨНГӨН ЦҮНХИЙГ ҮҮРҮҮЛЖ ХЭВШЭЭРЭЙ.

 

 

 

 

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих