УДЭТ-ын туслах найруулагч, жүжигчин О.Итгэл, “Монгол туургатан” театрын жүжигчин Т.Энэрэл :“ХАНИА ХАЙР ХАЛАМЖ, САЙХАН ҮГЭЭР ДУТААХ ДУРГҮЙ”
Мөнхсайхан Хонгорзул
2017-11-21 11:38:26

Сэтгүүлийнхээ хүндэт хойморт нэгэн сайхан залуу гэр бүлийг урилаа. Бие биедээ анхны харцаар дурлаж, цаг хугацаа, орон зайн тодорхой шалгуурыг хамтдаа даван туулж, хэн хэндээ өгсөн амлалтандаа үнэнчээр хамтын амьдралаа босгон, цэцэглүүлж яваа тэдний уран бүтээл нь ч мөн бадамлан ассаар. Гэрийн эзэн О.Итгэл хуучнаар ОХУ-ын Санкт Петербург хотын Театр урлагийн сургууль буюу Оросын театр дэлгэцийн их сургуулийг амжилттай суралцаж төгсөн, УДЭТ-ын туслах найруулагч, СУИС-ийн Тайзны хөдөлгөөний багшаар ажиллаж байгаа бол жүжигчин Т.Энэрэл Төв аймгийн “Монгол туургатан” театрт харьяалагдаж, “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгчийн карьераар олонд танигдсан авьяаслаг хос билээ. Уншигч таныг ярилцлагадаа уръя.

TV ZONE: Гэр бүлд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Уншигчидтайгаа мэндчилнэ үү?

Т.Энэрэл: Баярлалаа, TV ZONE сэтгүүлийн мянга мянган уншигчдад шинэ долоо хоногийн мэнд хүргэе!

О.Итгэл: Баярлалаа, өмнө нь гэр бүлээрээ сэтгүүлийн зочноор уригдаж байсан ч бид гурвын хувьд олон түмний хараанд ил байх тийм ч дуртай байдаггүй л дээ. Харин энэ удаад та бүхний урилгыг хүлээн авч байна. TV ZONE сэтгүүлийн нийтлэлийн бодлого их таалагддаг.

TV ZONE: Жүжигчид, тэр дундаа урлагийн гэр бүл гэдэг утгаараа хүссэн, хүсээгүй олны өмнө ил гарах болдог шүү дээ?  

О.Итгэл: Зарим хүн дуулиан шуугиантай амьдрах, олны анхаарлын төвд байх дуртай байдаг. Олны нүдэнд ил байх тийм ч амар зүйл биш, бас хүсэх ч юм биш байх. Бид хоёрын хувьд тэр тал дээр бүрэг, ичимхий.

Т.Энэрэл: Олны нүдэнд ил байх нь илүү их хариуцлагатай байхыг шаарддаг юм шиг санагддаг.

TV ZONE: Залуу хосуудын хайрын түүхээс сонсмор байна. Нууц биш бол хуваалцаач?  

Т.Энэрэл: 2009 онд танилцаж байсан. Танилцсан түүхээ ярих юм бол киноо, кино /инээв/. Би хувь тавиланд итгэдэг. Анх танилцсанаас хойш, хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд маань тааварлашгүй, романтик, маш сонирхолтой өнгөрсөн. Хичнээн үгүй гээд хоёр тийшээ зүтгэж байсан үе байдаг ч гэсэн яагаад ч юм бэ энэ биений минь нөгөө тал гэсэн итгэл дүүрэн байдаг. Бид хоёр учрах ёстой болоод л учирсан гэж боддог. 

О.Итгэл: Арван жилийн өмнө СУИС-д элсэж ороод л анхны харцаар нүд тулж байсан. Тухайн үед Hi5 ид дэлгэрч, тэндээс хаягийг нь хайж гарлаа. Хайраа илчилж, ойр дотно танилцах алхмыг мэдээж би эхэлж хийсэн нь ойлгомжтой. Би Засгийн газрын тэтгэлэг авч, Орост дөрвөн жил сурахаар болсон юм. “Бие холдвол сэтгэл холдоно...” гэж ярьдаг шүү дээ. Ирэх ч юм уу? Яах ч юм бэ? Тэгээд явахынхаа өмнөх орой уулзаад “Хүлээх үү?” гэж асуухад, “Хүлээнэ” гэж хэлсэн. Сошиалаар байнга харилцдаг байлаа. Надад зориулаад тэмдэглэлийн дэвтэр дүүрэн өдрийн тэмдэглэл хөтөлсөн байдаг юм. Гэхдээ тэр нь ерөөсөө ойлгогдохгүй, учир нь өөрийнхөө “хэл”-ээр биччихсэн.

Дөрвөн жил маш хурдан өнгөрдөг юм билээ. Ирэхэд хүлээж байсан. Тэгээд “Хоёулаа суух уу? Сууя. Хүүхэдтэй болох уу? Болъё, Хоёулаа байртай болох уу? Машинтай болох уу” гээд л амьдрал маань эхэлсэн дээ. Болгоё, бүтээе гээд болгоод, бүтээгээд л явна. Уулзах ёстой хүмүүс учрахаараа бүх юм хурдан болдог ч юм шиг. Учрах ёстой хүнтэйгээ учирсан юм болов уу гэж боддог.     

TV ZONE: Зорьсон мэргэжлээ эзэмшчихээд, Монголдоо ажиллана, сэтгэлтэй бүсгүйтэйгээ амьдарна гэсэн зорилго, хүлээлтээр үргэлж цэнэглэгдэж байжээ дээ?

О.Итгэл: Манай ангийнхнаас арван хүүхэд улсын тэтгэлгээр явж, тэнд очоод суралцах нөхцөл нэлээд хатуу байлаа. Охид хумсаа ургуулж болохгүй, хөвгүүд нь зөвшөөрөлгүй үсээ засуулж, шивээс хийлгэж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн олон нөхцөлтэй хатуу сургууль. Хүн болгонд олдоод байдаггүй аз завшаанаар тэр мундаг сургуульд суралцаж байгаа болохоор зорилгоо биелүүлж, сураад буцах ёстой байдаг. Сэтгэл Монгол руу, бага зэрэг шантрах үе байсан ч даваад л гарсан. Хоног өдрөө тоолдог байлаа шүү дээ.   

TV ZONE: Манай улс сэхээтнүүдээ Орост л бэлдсэн байдаг. Хуучин бол Орос школа гэж их ярьдаг байлаа шүү дээ. Монголдоо ирээд сурсан мэдсэнээ гаргаж, мэргэжлээрээ ажиллаад явахад дэмжлэг хэр байв?  

О.Итгэл: Таны хэлснээр орос школа нэг хэсэг тасалдсан. Станиславский систем манайд нэвтэрч, түүнийг нь судалж, мундаг багш нар маань тэр системээ бариад багшилж байна л даа. Бидний суралцсан сургуульд ерөнхийдөө нээлттэй, олон системээр сургадаг. Энд 1-2 системээр заадаг байхад, тэнд тав байх жишээтэй. Станиславскийн системээр нэг багш, Верхолд, Тайра Вахтангов, Фредрихберт гээд л тэр олон системийг төлөөлж өөр өөр багш нар заадгаараа онцлог байсан. Манай ангид гурван беларусь, таван орос, хоёр солонгос, арван монгол оюутан сурдаг олон улсын анги байв. Хүүхэлдэй оролддог нь хүүхэлдэйгээ, драм, сонгодог бүжиг гэхчилэн өөрсдийн сонирхдог чиглэлээрээ явчихдаг байсан. Энд ирээд хүндрэлтэй байсан зүйл гэвэл биднийг ойлгох найруулагчидтай шууд холбогдож чадахгүй. Төгсөөд ирсэн биднийг хүлээж аваад, ажиллах боломж тааруу, орон тоо байхгүй болохоор нэг хэсэг хэцүү л байсан. Тийм учраас өөрсдийнхөө ертөнцийг нээхийн тулд найруулагч болохоор шийдсэн. Одоохондоо туслах найруулагчаар ажиллаж байна. Яваандаа боломж олдвол өөрийнхөө үзэж харсан тэр ертөнцийг нээхийг хүсч байна.  

TV ZONE: Шинэ мэргэжилтнүүдийн хувьд багшлах боломж олдоно гэдэг улам илүү туршлага хуримтлуулах боломж гэдэг. Мөн таны хувьд хэд хэдэн кинонд тоглолоо. Мэргэжлийнхээ хувьд хурдацтай өсч байгаа үзүүлэлт гэж харж байна...  

О.Итгэл: Мэдээж зарчим, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. Багшийн хувьд тулааны зэвсгийн талаар ойлголт өгдөг. Шпаг, сэлэм, чинжаалтай яаж харьцах вэ? Нинжа сэлэм, япон сэлэмний ангилал төрөл, эртний Грек, Рыцарь, Спартакийн үеийн сэлэм зэвсгийг яаж ангилдаг, тэдгээртэй хэрхэн харьцах талаар түлхүү заадаг. Багшлахаар оюутнуудаасаа маш их зүйл суралцдаг. Янз бүрийн авьяас, чадвартай мундаг бэлтгэгдэж байгаа залуусаас зэрэг суралцаад явдаг.

TV ZONE: Жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

О.Итгэл: Ерөнхийдөө надад их ойрхон байсан. Манай эгч СТӨ-нд ажилладаг байсан болохоор “туулайчлаад” л тоглолт болгоныг алгасалгүй үзнэ. Даруухан, бүрэг хүүхэд байсан. 11-р ангидаа би жүжигчин болно гээд л шийдсэн. 2007 онд СУИС-д шалгалт өгч, тэнцэж байсан.  

Т.Энэрэл: СУИС-ийн Хишигзаяа багштай жүжигчний ангид элсэж ороод 2010 онд төгссөн. Хамт төгссөн ангийнхантайгаа Төв аймгийн “Монгол туургатан” театрт орж, өнөөдрийг хүртэл хамтдаа ажиллаж байгаа болохоор маш гоё халуун дулаан уур амьсгалтай ажилладаг. Оюутан цаг маань одоо ч үргэлжилж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Өвөө маань жүжигчин байсан нь надад энэ мэргэжлийг сонгоход түлхэц үзүүлсэн болов уу. 

TV ZONE: Хэн хэнийх нь хувьд оюутан ахуйгаасаа л тайз, дэлгэцийн бүтээлүүдэд тоглосон юм билээ...   

Т.Энэрэл: 2009 онд “Амилсан хайр” УСК-нд тоглосон.   

О.Итгэл: Оюутан байхдаа “Бандит” гээд олон ангит киноны Эпизодын гол дүрд якузагийн дүрд тоглож байсан. Бараг үг хэлдэггүй, “Хай” гээд л хурууг нь тасдаад, тасдаад явчихдаг /инээв/ дүрд тоглож байлаа. Сүүлийн үеийн барууны кинонуудад нэг өнгөт арьстан, нэг ази царай бол кино чимэх маягаар зайлшгүй байдаг болчихсон шүү дээ. Орост байхдаа гурван ч кинонд тоглосон. Оросын киноны хийц нь ондоо л доо. Хөрөнгө мөнгөтэй учраас зураг авалт олон хоногоор үргэлжилсэн ч хамаагүй зайлшгүй хэрэгтэй плануудаа авдаг. Итали, Франц руу гэхчилэн энд тэндэхийн кино наадамд оролцох боломж их гардаг байсан ч сургуулийн зүгээс бид зөвхөн орос оюутнуудынхаа зардлыг даана, та нарын зардлыг Монголын элчин сайд хариуцах ёстой гэдэг байсан болохоор явж чадаагүй. Монголдоо ирээд МҮОНРТ-ийн “Хоймор өнжих нар” олон ангит кинонд тоглосон. Гэр бүлийн кино учраас олон хүүхэдтэй ажилласан. МҮОНРТ-ийн Хүүхдийн редакцийн Ариунжаргал туршлагатай найруулагч учраас хүүхдүүдийн арга эвийг маш сайн олж чадсан. Ерөнхийдөө залуу жүжигчид олон ангит киноноос их юм суралцдаг юм билээ. Эхлээд учраа олохгүй явдаг байсан бол сүүлдээ дүрийнхээ шугамыг бариад авчихад зохиолоо ч харах шаардлагагүй болоод л явчихдаг юм билээ.

TV ZONE: Залуу байхад цаг хугацаа их, хөрөнгө мөнгө тааруу, харин өтлөх цагт эсрэгээрээ гэдэг шүү дээ. Уран бүтээл хийхэд хүнд хэцүүг сөрж, олон саад бэрхшээлийг давж яваа байх?

Т.Энэрэл: Залуу хүн зав ихтэй байдаг гэдэг арай өрөөсгөл ойлголт байх аа. Эргэн тойрны залуучуудыг харахаар их хөдөлмөрч болчихсон. Нөхөр маань хоёр газар давхар ажиллаж байна. Миний хувьд, ээж хүний үүргээ гүйцэтгэж байна. Хүүхэд өсгөнө гэдэг тун завгүй ажил юм билээ. Удахгүй ажилдаа орохоор хоёр биенээ ойлгоод, бүх зүйлийг зохицуулна л гэж бодож байна даа.

О.Итгэл: Хэцүү л дээ. Залуу хүн зогсоо зайгүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг нэг л зүйлийг яс махандаа тултал ойлгож авсан. Сургуулиа төгсөж ирээд юу ч үгүй, бараг хэн ч биш юм шиг зүгээр л цагаан цаас ирсэн. Ямар ажил хийх, яахаа ч мэдэхгүй гайхаад л, эхний хоёр жил хошин урлагийн продакшнд явж үзлээ. “Эмоци” продакшны мундаг, нийтэч хамт олноос сурах юмаа суралцлаа. УДЭТ-ын Студийн ангид 240 мянган төгрөгийн цалинтай орж байсан бол одоо хоёр газар ажиллаад, аль алинаас нь цалинжаад явж байна. Цаг наргүй, зогсоо зайгүй ажиллаад явахад энэ бүгдийг ойлгоход ар гэрийн хүн их чухал. Унтаж байхад нь л гарч яваад, унтаж байхад нь орж ирнэ. Манай хүү нэг мэдэхэд л алхдаг болчихсон байсан. Зогсоо зайгүй хөдөлмөрлөсний эцэст, амьдралын материаллаг байдал, боломж гайгүй болоод ирлээ, ажилдаа түүртэх нь багасаад  гэр бүлтэйгээ цагийг илүү их зарцуулдаг болж байна. Мөнгө санхүүгийн хувьд мэдээж хэцүү. Гэхдээ надад бол хөдөлмөрлөсний эцэст одоо л энэ боломж гарч ирж байна. Залхуураад хэвтээд л байвал юу ч өөрчлөгдөхгүй.  

TV ZONE: Ойрын болон хэтийн зорилго нь юунд тэмүүлж байна вэ?

О.Итгэл: Одоохондоо мундаг том зорилго, агуу мөрөөдөл алга. Өөрийгөө хөгжүүлээд, шавь нартаа, хүнд хэрэгтэй хүн болчих юмсан гэж боддог. Багш маань “Та нар мундаг жүжигчин, хэн болж төгсөх чинь хамаагүй. Хамгийн гол нь зөв хүн болж төлөвшөөрэй” гэж хэлж байсан. Шавь нартаа ч бас би тэгж л хэлдэг. 

Т.Энэрэл: Олон мөрөөдөл байгаа. Би ер нь мөрөөдөх дуртай. Дурьдах юм бол дуусахгүй байх. Одоогийн байдлаар гэвэл эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхыг л хичээж явна даа.

TV ZONE: Энэрэлийг дэлгэцээр гарч эхлэхэд “Сэргэлэн охин Ян Сун”-тай адилхан юмаа гэж харж байсан шүү.

О.Итгэл: Анх удаа л өөрөөс чинь сонсож байна. Гэхдээ сурагч байхад ангийн маань охид “Зүрхэнд шингэсэн намар” Солонгосын олон ангит киноны Юн Хитэй адилхан гэж хэлдэг байсан шүү.  

TV ZONE: Хүлээлт, хайр, амьдралын тодорхой шалгуурыг даван туулж, амьдралаа эхлүүлж, ижий аав болж Ананд хүүгээ өлгийджээ. Аав, ээж болсон анхны мэдрэмж, сэтгэгдлээ эргэн дурсвал?

Т.Энэрэл: Ээж болох тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй. Эх хүн болж байгаа бүх л эмэгтэй хүн мэдэрдэг хэрнээ тайлбарлаж чаддаггүй нандин мэдрэмж юм болов уу гэж боддог. 

О.Итгэл: Хүү маань 2016 оны 1-р сарын 1-нд төрсөн. “За одоо төрөх гэж байна шүү” гэж байхад нь шөл хийчихсэн гэрээсээ гарч байлаа. Эцэг болох мэдрэмж бол амьдралын хамгийн аз жаргалтай үе. Энэрэл хамгийн анх хүүгээ хараад аавтайгаа ямар адилхан юм бэ гэж харж байсан гэсэн. Хэвлийдээ байхад нь “Ээжийнхээ царайг, аавынхаа аашийг авбал чи хол явна шүү” гэж тоглодог байлаа. Одоо хүүгээ “Миний хүү аавынхаа царайг аваад, ээжийнхээ муухай аашийг авчихсан, одоо яана даа” гээд л тоглодог. Бид хоёр чинь хатууд зөөлөн, зөөлөнд хатуу гэдэг шиг хэн хэнийгээ нөхөөд, тэнцүүлээд л явна.

TV ZONE: Ярилцлагын турш Ананд надад янз бүрийн олон бөмбөг авчирч өглөө. Бөмбөгөнд их дуртай юмаа даа?

О.Итгэл: Тиймээ, бөмбөгөнд их дуртай. Гадаах сагсанбөмбөгийн талбай дээр очих юм бол бүх хүний тоглолтыг зогсоож байгаад бөмбөгөө бариад л ганцаараа тоглоно шүү дээ.

TV ZONE: Сайн нөхөр, сайн эхнэр байх гэж хэр хичээж байна вэ?

О.Итгэл: Би өөрөө их нямбай, зарчимч хүн л дээ. Ханьтайгаа хамтын амьдралаа эхлээд хоёр жил болж байна. Аялалд ч юм уу, гадагшаа явахдаа бүх юмаа бүртгэдэг байсан бол одоо манай хүн бүгдийг нь дутаалгүй, нягт нямбай бэлдчихдэг. Хааяа нэг асуухаар загнуулдаг болчихсон шд. Ерөнхийдөө манай хүн бараг төгс тал руугаа ойртоод байгаа шүү. Өглөө гарахад хоол унд бэлдээд явуулна, орой ирэхэд хоол унд бүгд бэлэн. Хичнээн өөрөө кинонд тоглоод ажилтай байлаа ч гэсэн хүнээр юм хийлгэхээ байчихсан.

Т.Энэрэл: Ер нь бол сайн эхнэр байх гэж хэрэндээ хичээж байгаа шүү. Одоо ажилдаа ороогүй байгаа байж амжуулж чадахгүй бол ажилдаа орохоороо яах болж байна гээд л өөрийгөө хурцлаад л шалавхан шиг л гэр орныхоо асуудлуудыг цэгцэлдэг. 

TV ZONE: Та хоёр нэг салбарынх болохоор мэдэхгүй, чадахгүй юм гарвал хэн хэндээ зөвлөж ярилцдаг, тэр нь эргээд их дэмтэй байдаг байх? 

О.Итгэл: Өнөөдөр ингэлээ, үүн дээр тэгдэг ч байж уу гээд л ярилцана л даа. Гэхдээ нэг нэгэндээ заагаад, заалгаад байх тийм ч таатай биш. Хэн хэндээ зөвлөнө, хэлэлцэж ойлголцоно.

Т.Энэрэл: Нэг нэгнээсээ асуух үе гаралгүй л яах вэ. Цаг наргүй салбарт ажилладаг ч хэн нь хаашаа ч ажлаар явж, завгүй боллоо гэхэд бие биенээ маш сайн ойлгож, ар талаа маш сайн хариуцаж үлддэг нь хамгийн том давуу тал гэж боддог.  

TV ZONE: Сүүлийн үед гэр бүл салалт их болсонд хүн бүр л эмзэглэж байна. Анх өгсөн амлалтаа мартах, гэнэт эргэсэн шийдвэр гаргах, хамтын амьдралаа зогсоох гэхчилэн энэ бүгдэд залуу хүмүүсийнхээ хувьд эмзэглэдэг л байх. Та хоёр бодлоо хуваалцаач?   

Т.Энэрэл: Үнэхээр эмзэглэж явдаг сэдэв. Хүмүүс суухаасаа өмнө хоорондын харилцаагаа анхаарч, бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрласан нандин итгэлээ олж авах ёстой юм шиг байгаа юм. Тэгэхгүй хэн хэнийгээ таньж мэдээгүй байж, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаад, хүүхэдтэй болсныхоо дараа хамт байх аргагүй болоод салж байна шүү дээ.  

О.Итгэл: Ухамсрын л асуудал байх даа. Хайрлана гээд авч суусан бол хайрлах л хэрэгтэй. Үр хүүхэд тоглоом биш болохоор төрүүлнэ гэсэн бол элэг бүтэн өсгөх хэрэгтэй. Бид хоёр боломж нь байгаад, чадаж л байвал хүүхэд өргөөд авсан ч яахав л гэж ярьдаг. Хүнээр хүн дутна шүү дээ. Айлын охинд жаргаана гэж хэлсэн бол жаргаах л хэрэгтэй. Би хааяа “Миний хань чинь жаргах гэж төрсөн юм. Зовох гэж төрөөгүй юм. Алив битгий юм хий. Би хийе” гэдэг ч юм уу хөгжилтэй, егөөдсөн байдлаар гоё үг хэлэх дуртай. Ханийгаа үгээр дутаах дургүй л дээ. Үг хүчтэй шүү дээ. Эмэгтэй хүн чинь урмын амьтан. Сайхан үг хэлэх тусам цэцэг шиг услаад л байвал ургаад л байна гэдэг үг байдаг шүү дээ. Эхнэртээ гоё үг хэлэхээр цаанаасаа нэг л гоё гэрэлтээд, жавхаажаад л ирдэг юм.  

TV ZONE: Монголын урлагийн хөгжилд яг одоо юу чухал байгаа бол?

Т.Энэрэл: Солонгосын алдартай дуучид, жүжигчдийг дэлхийн тавцанд гаргаж ирдэг продакшн, продюсерын компаниуд манайд байгуулагдаасай гэж хүсдэг. Маш авьяаслаг, бүх талаар хөрвөж чадах залуучууд Монголд олон байдаг боловч гарч ирэх замаа мэдэхгүй, хаана ажиллах нүхээ олохгүй байгаа жишээ олон. Хэрвээ бүх талаар дэмжээд, хувь уран бүтээлч өөрийнхөө хөгжилд анхаарч, урлагийн тавцанд гаргаж ирэх юм бол монголчууд дэлхийн тавцанд гарч чадна гэж боддог.    

О.Итгэл: Дахиад хоёр театр баригдвал гоё болох юм шиг санагддаг. Монопол ганц театртай байснаас дахиад мюзикл ч юм уу, хуучин “Хүүхэд залуучуудын театр” гэж байсан шиг хоёр, гурван театртай болчих юм бол өрсөлдөөн, шүүмжээ дагаад илүү хурдан хөгжих юм болох уу гэж хардаг.  

TV ZONE: Нэмж театр хэрэгтэй байна гэснээс одоогийн өнгө төрхийг харах юм бол хошин урлагийн олон продакшны байлдан дагууллын үе үргэлжилсээр байна шүү дээ. Монголчуудын соёл, урлагийн хэрэгцээг хангах гэж дийлэнх олонхоороо тийшээ л хошуурдаг. Мэргэжлийн хүнийхээ хувьд өөрөө “театр ганцхан байна...” гэснээ тодруулбал?  

О.Итгэл: Тиймээ, таны хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ хошин урлаг гэдэг бол тусдаа төрөл зүйл л дээ. Хошин урлаг эрчээ аваад 20 гаруй жил болчихлоо. Хошин урлаг энтертайнмэнт шоу гэдэг утгаараа арай өөр болоод явчихна. Авууштай зүйл байна, хаях зүйл ч бий. Үгийг урладаг газар бол Драмын театр гэж ярьдаг л даа. Драмын урлагт өрсөлдөхүйц өөр театр гарч ирээсэй гэж хүсдэг.   

TV ZONE: Хайртай хүнийг нь гоочлоход “Миний нүдээр хардаг ч болоосой” гэдэг шиг энэ боломжийг ашиглаад ханиа магтахгүй юу?   

О.Итгэл: Тухайн үед л өхөөрдөөд, хайр хүрээд л магтаалын үг орж ирдэг л дээ. Төгс хүн гэж байдаггүй юм гэсэн. Гэхдээ манай хүн бараг төгсрөх гээд л байгаа.

Т.Энэрэл: Ханийхаа одоог хүртэл дуусашгүй хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй нь надад хамгийн их таалагддаг. Олон нийтийн газар, хүмүүсийн дунд байхдаа үргэлж ханиараа бахархдаг. Яагаад ч юм бэ хоёулхнаа хамт байхаас илүү тэр үедээ би ханийгаа өөр нүдээр хардаг юм шиг санагддаг. Илүү том, илүү нөмөр нөөлөгтэй, бага зэргийн их зантай ч юм шиг... Харин өөр хүмүүс миний нүдээр хараасай гэж ерөөсөө бодохгүй байна. Аягүй бол дурлачих байх /инээв/.  

TV ZONE: Сэтгэлийн мухарт залуучууддаа хандаж хэлмээр санагддаг үг байдаг бол ярилцлагын төгсгөлийг асуултгүй үлдээе.

О.Итгэл: Т.Энэрэл: Залуучууд маань маш гоё соёлтой, бие биенээ хүндэлж байх хэрэгтэй. Амлалт гэдэг маш чухал бөгөөд хэцүү зүйл шүү дээ. Амлалтыг бодож байж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүн бүр амласан амлалтандаа хүрэх гэж явснаар гэр бүл салалт, найз нөхдийн хагаралдаан, үл ойлголцол, үл итгэлцэл бага болно гэж боддог.   

TV ZONE: Танай гэр бүлд аз жаргал, ажилд нь уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш

Үс засалт, нүүр будалт: “3D GIIMAA” салон /9999-2871/

 Зураг авалтын орчин "Ойн жим" амралтын газар /9191-7878/

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих