2017 оны "Victoria's Secret" загварын шоу Шанхай хотноо явагдлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-21 11:27:10

Жил бүр уламлал болгон зохион байгуулагддаг Америкийн дотуур хувцасны Victoria's Secret брендийн энэ жилийн шоу арга хэмжээ Шанхай хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн шоу нь анх удаагаа АНУ болон Европоос өөр газар нутагт буюу Азид, тэр дотроо Хятад улсад зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Хувцас загвар, дуу хөгжим хосолсон гайхалтай шоу тавьдгаараа алдартай Victoria's Secret бренд энэ жил 23 дахь удаагаа шинэ цуглуулгаа танилцуулж байна. Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд гэгддэг Адриана Лима, Алессандра Амброзио, Карли Клосс зэрэг алдартай загвар өмсөгчдөөс гадна мөн энэ удаагийн шоунд анх удаагаа хятад гаралтай 6 загвар өмсөгч оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байна. Харин загвар өмсөгч Жижи Хадид нүдээ онийлгон, ази хятад хүний царай гаргасан бичлэгээсээ болж хятад хүмүүсийг ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр Шанхайн шоунд оролцох боломжоо өнгөрсөн долоо хоногт алдсан байна.

Түүнээс гадна Оросын загвар өмсөгч Юлия Белякова, Катя Григорьева, Ирина Шарипова болон Украйны загвар өмсөгч Даша Хлыстун нарын Хятадын виз гараагүй тул мөн оролцох боломжгүй болжээ. Victoria's Secret брендийн хувьд орлого тийм ч сайнгүй байгаа тул Хятадын зах зээлд түрүүлж гарах зорилгоор ийнхүү энэ жилийн шоугаа Шанхай хотод зохиож байгаа юм. Үүнд мөн хятад эмэгтэйчүүдийн тансаг загварын дотуур хувцасны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, мөн хятад эмэгтэйчүүдийн худалдах чадвар, санхүүгийн боломж бололцоо өсч байгаа явдал ч нөлөөлж байгаа юм. 2015 оны байдлаар хятад эмэгтэйчүүд 17 тэрбум ам.долларыг дотуур хувцас худалдаж авахад зарцуулсан бол цаашдаа буюу 2020 он гэхэд дээрх тоо 32 хувиар өсөх хандлагатай байгаа талаар санхүүгийн судалгааны Минтел Групп компани онцолж байна. Тийм ч учраас Америкийн Victoria's Secret компани энэхүү шинэ зах зээлийн боломжийг олж харан энэ жил хоёр салбар дэлгүүрээ Хятад улсад нээгээд байгаа юм. Үйлчлүүлэгчдийг татах зорилгоор Шанхай хот дахь тус брендийн салбар дэлгүүрт тансаг загварын хөхний даруулга дээд тал нь 100 ам.доллараар борлуулагдаж эхлээд байгаа юм байна. Шоу арга хэмжээнд дуучин Харри Стайлс, Грэмми-гийн шагналт дуучин Мигель болон Хятадын дуучин Жейн Занг нар оролцсон бөгөөд "Fantasy Bra" хэмээх хөхний даруулгыг шоуны төгсгөлд танилцуулсан юм.

Шар индранил, хөх молор, алмааз гэх зэрэг нийт 6000 эрдэнийн чулуун шигтгээ бүхий 2 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү хөхний даруулгыг Бразилын загвар өмсөгч Лайс Рибейро өмсөж танилцуулжээ. Дэлхийн үзэгчдэд харин шоу арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр хүргэхээр төлөвлөжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих