Цоохор ирвэс аварч буй гэрэл зураг шилдгээр шалгарчээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-17 17:57:34

2012 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 8 цагт Энэтхэгийн Махараштра мужийн жижиг тосгоны багш, гэрэл зурагчин Ананд Борад дуудлага иржээ. Цоохор ирвэс худагт гацсан дуудлага авангуутаа Ананд гэрэл зургийн аппаратаа үүрч зэргэлдээх Бубали тосгон руу яаравчлан гарсан байна. Олон хоног үргэлжлэн орсон борооны дараа худгийн ус ихэсч цоохор ирвэс ус уух гэж байгаад худагт унаж 25 цагийн турш хөвсөн байжээ. Ирвэс эцэж туйлдан худагт живэх гэж байхад нь Бубали тосгоны иргэд олж аврахаар болсон байна. Ингэхийн тулд модон ор авчран 4 хөлнөөс нь олс татаж худаг руу оруулжээ. Ирвэс орон дээр үсэрч гарангуут иргэд орыг дээш татан худгаас гаргахад эцэж туйлдатлаа сэлсэн ирвэс огил үсэрч ой руу зугтсан байна. Энэ үйл явдал хэдхэн секундэд болж өнгөрчээ. Тэгвэл Ананд Бора энэ дүр зургийг гэрэл зургийн аппаратандаа буулгасан байсан нь 5 жилийн дараа зэрлэг онгон байгалийн тухай шилдэг гэрэл зургийн уралдаанд түрүүлж шагнал хүртсэн байна. Анандад энэ мэтчилэн амьтдыг аварч байгаа 100 орчим ховор гэрэл зураг байдаг байна. Үнэг, цоохор ирвэс, дэлт чоно зэрэг амьтад ан ав хөөж аль эсвэл ус хайсаар чихрийн нишингийн талбайд гацах, худагт унах тохиолдол олон гардаг. Тосгоны настны яриагаар ойрын 20 жилд 137 удаа цоохор ирвэс аварч байна гэжээ. Цоохор ирвэс бол Энэтхэгт нэн ховордсон ан амьтан, олон улсад худалдахыг хориглодог байна. Тус улсад ойролцоогоор 12,000 цоохор ирвэс бүртгэжээ.

Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих