2017 он хамгийн халуун жилүүдийн нэг болж байна
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-07 12:48:22

Дэлхийн цаг уур судлалын байгууллагаас 2017 оныг дэлхийн түүхэнд бичигдэж байсан хамгийн халуун жилүүдийн нэг болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Дэлхийн дулаарал сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байгаа юм. Тун удахгүй буюу 50 гаруй хоногийн дараа дуусах гэж байгаа 17 онд цаг уурын огцом өөрчлөлттэй холбоотойгоор хэд хэдэн уур амьсгалын онцгой үзэгдэл тохиосон байна.НҮБ-ын цаг агаарын талаарх Бонны багахуралд дэлхийн цаг уурсудлалын байгууллага жил бүр танилцуулдаг тайландаа энэ тухай дурджээ. Энэ оны хувьд хүлэмжийн хий өмнөх жилүүдээс их, мөн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хийн концентраци хамгийн өндөр хувьтай гарсан байна.

Оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд дэлхийн дундаж температур цельсийн 1.1 хэмийн дулаан байна. Энэ нь цельсийн 1.5 хэмд хүрэхэд тун ойрхон байна гэж үзжээ. Тиймээс нэн ялангуяа арлын орнуудыг цаг уурын эрс тэс уур амьсгалаас иргэдээ хамгаалахын тулд агаарын температурыг тогтмол хянаж, байж болох хамгийн доод түвшинд хадгалах хэрэгтэй гэж зөвлөлөө. 1981-2010 оны хооронд дэлхийн дундаж температур 0.47 хэм байсан бол энэ онд хамаагүй өндөр гарсан байна. 2017 он хэдийгээр хамгийн халуун жил биш ч хамгийн халуун 3 жилтэй ойрхон байгаад цаг уур судлаачид анхаарал хандуулж байна. Гэхдээ энэ жил Эль Нино далайн цаг уурын халуун урсгал тохиолдоогүй гэхэд агаарын температур өндөр гарсан байна. Өнгөрөгч 2016 онд Эль Нино тохиож дэлхийн дундаж температур өмнөхөөсөө өндөр цельсийн 0.56 хэмийн дулаан байжээ. Харин 2015 оны хувьд дэлхийн 2 дахь юм уу 3 дахь халуун жил байсныг эрдэмтэд хэлж байна.

Бидний амьдарч байгаа Ази тивд энэ жил хамгийн халуун байсан байна. Цельсийн 50 хэм хүртэл халжээ. Түүнчлэн Карибын болон Атлантын далайд шуурсан хар салхины хурд өмнө нь бүртгэгдэж байснаас хамгийн өндөр гарсан байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, онц ноцтой үзэгдлүүдээс болж хүн төрөлхтөн амь насаа алдаж гарз хохирол амссаар байгааг судлаачид анхаарууллаа. Энэ жил Сьерра Леон, Балба, Энэтхэг, Бангладеш, Перу улсуудад болсон үерийн улмаас олон мянган хүн амиа алджээ. Гэтэл Африкийн зарим газарт, Өмнөд Америк, Сомалид ган гачиг тохиож хэт халж тариалангийн талбайн тал нь ургац алдсан байна.Кени, Этиоп, Сомали улсуудад 11 сая гаруй хүн хүнс тэжээлийн дутагдалд ороод байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих