19 хүртэлх насны ААШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд цаг агаарын хүнд нөхцөлд үргэлжилсээр
Бэлгүүн Намсрай
2017-11-07 12:42:22

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсэгт өрсөлдөж буй Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайландын багтай 16:00 цагаас хийлээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад манай шигшээ баг гурван аюултай боломж үүсгэсэн ч харамсалтайгаар алдсан. “Чи хийхгүй бол би хийе” гэдэг хөлбөмбөгийн бичигдээгүй хууль талбай дээр үйлчлэх шиг манай багийн алдсан боломжуудын дараа Тайландын баг 19 дэх минутад тооны харьцааг нээв. Эхний хагас өндөрлөхөөс урьтаж Тайландууд дахин нэг гоол оруулсан бол манай шигшээ 45 дахь минутад торгуулийн цохилт алдаж, нэгдүгээр үе 0:2-өөр өндөрлөлөө.

Харин хоёрдугаар үе эхлээд дөрвөн минут өнгөрсний дараа Монголын шигшээ багийн 22 дугаартай Д.Билгүүн тооны харьцааг ойртуулсан юм. Өндөр хурдтай, өрсөлдөөнтэй өрнөсөн тоглолтод манай залуус хэд хэдэн боломжоо ашиглаж чадаагүй бол Тайландууд сөрөг довтолгоог амжилттай өрнүүлэн, олдсон боломжуудаа гоол болгож байв. Тиймдээ ч үндсэн цагт Тайланд 2:5-аар хожлоо. Манай шигшээ багийн хоёр дахь гоолыг Г.Бат-Оргил 86 дахь минутад оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн “I” хэсгийн гурав дахь тоглолтууд 11 сарын 08-ий өдөр үргэлжлэн явагдана.

Хэсгийн хамгийн хүчтэй баг Японы шигшээ өнөөдөр Сингапурын багийг 0:7-оор илүүрхэв. Ингэснээр "Хөх самуурайнууд" хоёр тоглолтын дараа 14 гоол оруулж, нэгийг ч алдалгүй, зургаан оноотой, 100%-ийн амжилттай явж байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо 11 сарын 08 нд Тайландын багтай хийнэ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих