Д.Трамп, Ш.Абэ нарын уулзалтын гол сэдэв Умард Солонгосын асуудал байлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-06 17:41:38

АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн улс орнуудаар хийх 12 өдрийн албан айлчлал ням гаригт Япон улсаар эхлээд байгаа. Тэрээр Японы ерөнхий сайд Шинзо Абэ-тай уулзсан бөгөөд хоёр улсын удирдагчдын уулзалтын гол сэдэв Умард Солонгосын асуудал байлаа.

Дональд Трампын Япон улсад хийж байгаа анхны айлчлалынхаа эхний өдөр буюу ням гаригт Японы ерөнхий сайд Ш.Абэтэй гольф тоглож, оройн зоог барьсан байна. Харин өнөөдөр тэрээр Японы бизнесийн салбарын томоохон корпорациудын удирдагчидтай уулзаж, үг хэлсэн байна. Энэ үеэрээ тэрээр хоёр талын худалдаанд томоохон алдагдал байгааг дурьдаж, худалдааны орчин нөхцлийг сайжруулахаа амлажээ. Үүний дараагаар тэрээр тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар Токио хот дахь хааны ордонд зочилж, эзэн хаан Акихито болон хатанд бараалхсан байна. Шинзо Абэ-тай өдрийн зоог барьсны дараагаар тэрээр айлчлалын гол үйл ажиллагаа болох хоёр талын дээд хэмжээний уулзалтыг Шинзо Абэ-тай зохион явуулж, уулзалтын үеэр Умард Солонгосын асуудал, Солонгосын хойгийн бүс нутгийн аюулгүй байдал болон хоёр улсын худалдааны асуудлын талаар хэлэлцлээ. Ялангуяа Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор тус улсад үзүүлэх хамтарсан дарамт, шахалтыг нэмэгдүүлэх, Умард Солонгос улсыг терроризмыг санхүүжүүлэгч орноор зарлах, мөн АНУ, Япон, Австрали, Энэтхэг 4 улсын хоорондох чөлөөт худалдаа, батлан хамгаалахын салбарын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг эхлүүлэх зэрэг сэдвүүдээр ярилцсан байна. АНУ, Японы дээд хэмжээний уулзалтын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тэргүүн хатагтайн хамтаар 1977 онд Умард Солонгос улсад олзлогдож байсан Йокота Мегуми хэмээх япон эмэгтэйтэй уулзахаар төлөвлөсөн байна. Д.Трамп 12 өдрийн хугацаанд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин, Вьетнам гэсэн Азийн таван улсад албан айлчлал хийх бөгөөд тэрээр маргааш өглөө Токио-гоос Өмнөд Солонгос улсыг зорих юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих