Сазерленд Спрингс хотын сүмд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, улмаар 27 хүн амь үрэгджээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-06 17:14:31

Орон нутгийн цагаар ням гаригийн өглөө АНУ-ын Техас мужийн Вилсон тойргийн Сазерленд Спрингс хотын христийн шашны сүмд зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас наад зах нь 27 хүн амь үрэгдээд байгаа талаар мужийн цагдаагийн байгууллагаас мэдээлээд байна.

Сазерленд Спрингс хотын First Baptist Church сүмд гарсан энэхүү аймшигт халдлага орон нутгийн цагаар ням гаригийн өглөө буюу шүтлэгтнүүд сүмд олноороо цуглардаг үед гарсан бөгөөд халдлагын улмаас наад зах нь 27 хүн амь үрэгдсэн талаар цагдаагийн албанаас мэдээлж байна. Хэргийг үйлдсэн этгээд халдлагын дараагаар автомашинаар зугтаж, цагдаа нартай хөөцөлдсөн бөгөөд энэ үеэрээ тэрээр буудуулан амь үрэгдсэн байна. Харин түүний үхлийн шалтгаан цагдаа нарт буудуулж нас барсан уу, амиа хорлосон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Сүмд гал нээсэн уг этгээд нь АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний албан хаагч, 26 настай Девин Патрик гэгч байсныг хууль хяналтын байгууллагынхан олж тогтоосон талаараа мэдээлжээ. ХМТ-ны зүгээс түүнийг ямар сэдэлтэйгээр, ямар учир шалтгааны улмаас дээрх халдлагыг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгааг дурьджээ. Техас мужийн захирагч Грег Эбботт энэхүү цуст халдлагыг "чөтгөр шулмын хорлол" хэмээн нэрлэсэн бол Азийн улс орнуудаар хийх айлчлалаа Япон улсаар эхлүүлээд байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа "халдлага гарсан Сазерленд Спрингс хотын ард иргэдийг бурхан ивээг, ХМТ болон хууль хяналтын байгууллагынхан хэргийн газар дээр ажиллаж байгаа, миний бие халдлагын дараахь үйл явцыг Япон улсаас хянаж байна" хэмээн жиргэсэн байна.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих