2018 оны Пёнчаны өвлийн олимпийн байгууламжуудын барилгын ажил дуусчээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-06 16:32:16

Өмнөд Солонгос улс 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн гэх зэрэг бүхий л байгууламжуудын барилгын ажлаа дуусгаад байна. Энэ талаар өнгөрсөн амралтын өдрүүдээр Пёнчаны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зүгээс албан ёсоор зарлан мэдэгджээ. Тус мэдэгдэлд барилгын ажил 99.7 хувьд хүрээд байгаа бөгөөд одоо үлдсэн чимхлүүр ажлуудыг ойрын нэг сарын хугацаанд гүйцэтгэж дуусах болно гэсэн байна. Барилгын ажил дууссаныг илтгэсэн тууз хайчлах ёслол мөн өнгөрсөн бямба гаригт Пёнчан хотноо зохиогдсон бөгөөд Ганвон-до мужийн захирагч Чой Мүүн Сүүнд тууз хайчлах хүндтэй үүрэг оноогджээ. Мөн тус мужийн зүгээс мэдэгдсэнээр аялал жуулчлалын 13 цэгүүдийг нээн ажиллуулахын сацуу энэ оны эцсээр Пёнчан хотын 300 орчим зочид буудал, ресторануудын үйлчилгээг шалгах ажлыг эхлүүлэх болно гэсэн байна. Өвлийн олимпийн наадмын үеэр Өмнөд Солонгос улсад ирэх гадны жуулчдын урсгалыг хүлээн авах бэлтгэлээ мөн хангаад байгаа талаараа Инчеоны олон улсын нисэр онгоцны буудал мэдэгдлээ. Ням гаригт хийсэн мэдэгдэлдээ тус олон улсын нисэх онгоцны буудал Олимпийн наадам эхлэхээс 3 долоо хоногийн өмнө буюу ирэх оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зорчигчдод зориулсан 2 дугаар терминалыг нэмж нээхээр болсныг онцолжээ. 3 долоо хоногийн өмнөөс эхлэн шинэ терминалыг нээхээр болсон шалтгаан нь өвлийн олимпт оролцох улс орнуудын баг тамирчдыг эрт хүлээн авахад чиглэгдсэн болохыг Өмнөд Солонгос улсын Зам тээврийн яамнаас давхар тайлбарласан байна. Олон улсын баг тамирчдын байрлах өвлийн олимпийн хотхон ирэх оны 1 дүгээр сарын 30-нд албан ёсоор нээгдэхээр болжээ.   

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих