Ливаны Ерөнхий сайд Саад Аль Харири албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-06 16:23:25

Ливан улсын ерөнхий сайд Саад Аль Харири албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн эцсээр гаргасан байна. Тэрээр шалтгаанаа түүний амийг хороохыг оролдсон хэмээн тайлбарлажээ. Тэрээр уг гэнэтийн мэдэгдлээ өнгөрсөн бямба гаригт Саудын Араб улсад хийсэн байна. Түүний амь насанд халдах төлөвлөгөөг Иран улс болон Ливан дахь Ираны Хезболла бүлэглэлийн зүгээс боловсруулсан гэж буруутгажээ. Саудын Арабын засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Саад Аль Харири хувийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд тус улсын Эр Рияд хотод байрлаж байгаа гэжээ. Саад Аль Харири-гийн эцэг болох Ливан улсын ерөнхий сайд асан Рафик Аль Харири 2005 онд Бейрут хотноо болсон дэлбэрэлтэд өртөж, амь үрэгдэж байсан юм. Ийнхүү Ливан улсын одоогийн эвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа Саад Аль Харири ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр эвслийн засгийн газар нурж байгаа бөгөөд цаашдаа тус улсын төр засгийн эрхийн төлөөх тэмцэлд Сунни шашны Саудын Араб болон Шийт шашны Иран улсын нөлөөлөл хүчтэй орж ирэх төлөв ажиглагдаж байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих