19 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГАА ДЭМЖЭЭРЭЙ
Бэлгүүн Намсрай
2017-11-06 12:06:17

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

Эхний тоглолт 12:00 цагаас Тайланд, Сингапурын багуудын хооронд болоход Тайланд 3:1-ээр хожсон. Үндсэн цаг эхлээд 39 секундийн дотор тоог нээж чадсан Тайландын баг тэргүүллээ хадгалж чадсаны ачаар эхний тоглолтоос гурван оноо авч чадлаа.

Харин Монголын шигшээ баг тивдээ төдийгүй дэлхийд данстай Японы багтай тоглож 7:0-ээр хожигдов. Хэсгийнхээ хамгийн хүчирхэг багтай эхний тоглолтоо хийсэн манай залуус үлдсэн хоёр учраа багаасаа эерэг үр дүн авч чадвал АШТ-ий эрх авч чадна. Урьд өмнө нь Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Сингапур /2:2/, Тайландын /1:1/ багуудтай тэнцэж байсан удаатай.

Хэсгийн хамгийн хүчтэй баг Японтой эхлээд тоглосон манай залуус үлдсэн хоёр тоглолтоос Азийн АШТ-ий эрх авахыг хичээх боллоо. Маргааш 16:00 цагаас Тайландтай тоглох манай залууст хэд хэдэн давуу тал байгаагийн нэг нь яах аргагүй үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхэн юм. Монголын 19 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга "Тайланд, Сингапур багуудын тоглолтыг үзэхэд цаг уурын сэрүүн нөхцөл байдлаас үүдэн, урьд өмнөхөөс арай сул тоглолт үзүүлж байгаа нь харагдсан" хэмээн бидний бас нэгэн давуу талыг тодотгосон.

Өмнө нь манай 23 хүртэлх насны шигшээ баг 2015 онд Сингапуртай 2:2, Тайландтай 2017 оны долоо дугаар сартай 1:1-ээр тэнцэж байсан удаатай. Тиймээс нутгийн дэвжээндээ зодоглож буй манай залууст боломж харагдаж байна. Үзэгч хөгжөөн дэмжигчид та бүхэн маргааш 16:00 цагаас эхлэх Монгол, Тайландын тоглолтыг үзэж сонирхон, эх орны хөвгүүдээ уухайлан дэмжээрэй. Талын Монголын хүйтэн цаг уур, та бүхний халуун дулаан уухайн түрлэг нийлж ялалтын мэдээг дуулгах болтугай.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих