Пёнчаны өвлийн олимпийн наадмын бэлэн тасалбарын худалдаа ирэх долоо хоногоос эхэлнэ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-03 17:15:47

3 сарын дараагаар болох гэж байгаа 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын тасалбар захиалга зөвхөн онлайнаар явагдаж байсан бол ирэх долоо хоногоос эхлэн тасалбар түгээх кассаар буюу бэлнээр худалдаалагдаж эхлэхээр болсон байна. Пёнчаны олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зүгээс мэдэгдсэнээр нийт борлуулахаар гаргаад байгаа 1.2 сая гаруй тасалбарын дөнгөж 30 орчим хувь нь одоогоор зарагдаад байгаа тул ийнхүү зөвхөн онлайнаар тасалбар худалдаалах дүрмийг өөрчилж, кассаар мөн худалдаалж эхлүүлэхээр болсон байна. Мөн тасалбар борлуулалтанд тулгарч байгаа өөр нэг асуудал нь өвлийн спортын төрөл бүрийн тэмцээний билет ялгаатай зарагдаж байгаа явдал гэсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр олны сонирхлыг татдаг тэшүүр, уран гулгалт, хоккей зэрэг тэмцээний тасалбар борлуулалт өндөртэй байгаа бол эсрэгээрээ гүйлтийн цанын 50 км-ийн тэмцээн зэрэг төрөл үзэгчдийг тэр болгон татахгүй, тасалбар нь маш муу зарагдаж байгаа ажээ. Ийм ч учраас зохион байгуулагчдын зүгээс зөвхөн онлайнаар тасалбар борлуулж байсан дээр нэмээд кассын худалдааг ирэх даваа гаригаас эхлүүлэхээр болжээ. Тасалбар шууд худалдаалах цэгүүд Сөүл хотын удирдлагын төв байр, Ганвон-до аймгийн удирдлагын төв байр болон Ганюн хотын удирдлагын төв байруудад байрлахаар болсон байна. 11 дүгээр сарын 6-наас дээр дурьдсан тасалбар борлуулах цэгээр худалдаалагдаж эхлэхээр болоод байгаа тасалбарын хэв загвар, өнгө үзэмж мөн үзэгч олны анхаарлын төвд байгаа юм. Нийт 28 өвлийн спортын өөр өөр төрлийг харуулсан дизайн бүхий тасалбар гарах бөгөөд зөвхөн цаасан тасалбараас гадна орчин үеийн өндөр технологийн дэвшлийг ашиглан хэвлэсэн цахим тасалбарыг мөн гаргахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. Энэ долоо хоногт өвлийн олимпийн галт бамбарыг зохион байгуулагч Өмнөд Солонгос улсад авчраад байгаа бөгөөд одоогийн байдлаар галт бамбарыг аялуулах арга хэмжээ хоёр дах өдрөө үргэлжлэн явагдаж байна. Галт бамбарыг нийт 7500 хүн 2018 км замыг туулан аялуулах юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих