Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн "49-р театр" нээгдлээ
UBS.MN NEWS
2017-11-03 16:00:20

Хүүхэлдэйн театраас өөр багачуудад зориулсан урлагийн тоглолт, жүжиг тавих газаргүй байсан Монголд "49-р театр" хэмээх шинэ энтертаймент төв байгуулагдлаа. "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачлагаар иргэдийн хандив дэмжлэгээр боссон 49-р театр нь хуучнаар Энхтайван найрамдлын ордонд байрладаг. Тус төвд хүүхдүүдийн сонирхлыг татахуйц засал чимэглэлтэй үлгэрийн мэт тансаг орчинг бүрдүүлж чаджээ. 250 суудалтай үзвэрийн танхим, урлагийн бэлтгэл сургуулилт хийх бага танхим, улаан булан, дугуй булан, цаашлаад эцэг эхийн хүлээлгийн танхимтай. Удахгүй "Сүбээдэй хүү" хэмээх бүрэн хэмжээний драмын жүжгээр үзэгч хүүхдүүдтэйгээ уулзахаар бэлтгэж байна. Сүүлийн үеийн компьютер график ашигласан содон бүтээлүүд үзсээр гоо зүйн таашаалын шалгуур өндөр болсон өнөө цагийн хүүхдүүдэд хуучны хуруун хүүхэлдэй, чихмэл амьтад гологддог болсоор удсан билээ. Харин "49-р театр"-ын онцгой шийдэл, тав тухтай "амьд" орчин багачуудын сонирхлыг татаж, очих дуртай газрын нэг болно гэдэгт итгэлтэй байна. 
Ирэх онд хүүхдүүдийн авъяасыг хөгжүүлэхээр урлагийн бүхий л чиглэлээр дугуйлан хичээллүүлэх зорилготой байгаагаа уран сайхны удирдаач Ц.Энхманлай хэлсэн. Хүүхдээ хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зохистой өнгөрүүлэх байгууллага ховор үед энэ мэдээ эцэг эхчүүдийн талархлыг ихээхэн хүлээгээд байгаа ажээ. Орчин нөхцлөө ийнхүү төгс бүрдүүлсэн 49-р театраас ирээдүйн олон од төрөх нь дамжиггүй.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих