Хуримын УРИЛГАА өөрсдийн гараар!
TV ZONE сэтгүүл
2017-11-02 13:04:46

Ихэнх хосууд хуримын ажлын төлөвлөгөөгөө хэтэрхий ерөнхий төлөвлөчихсөн байдгаас болж, төлөвлөөгүй жижиг сажиг зүйлүүдэд маш их мөнгө зарах нь олонтаа. Ялангуяа, хуримын урилганыхаа үнийг баримжаалалгүй цаг дээрээ тулахаар хэтэрхий үнэтэй урилга захиалчихдаг нь төлөвлөгөөгүй явсны балаг болдог. Тиймээс хуримын ажлын төлөвлөгөөгөө нэг бүрчлэн бичиж, тус бүрийнх нь үнэ хэд байхаа баримжаалан тооцоолох хэрэгтэй. Тиймээс урилгын мөнгийг чинь хэмнэх үүднээс, мөн хэвшмэл урилганы загвараас татгалзан шинэ хэв маяг бүхий урилгуудыг та хоёрт санал болгох байна. Хуримын урилга яагаад заавал нэг хэвийн байх ёстой гэж!

Амттан агуулсан урилга

Амттан адил салахын аргагүй сайхан амттай хуримын үйл ажиллагаа болно гэдгийг бэлгэдэн урилга дотроо шоколад хийн, зочид руугаа илгээж болох арга бий. Гаднах урилга бүхий хайрцгаа хүсвэл мэргэжлийн газраар захиалгаар хийлгэж болно, мөн өөрийн гараар урла боломжтой. Хуримын урилга ихэвчлэн дугтуй байдаг гэсэн хүмүүсийн нийтлэг сэтгэлгээг үүгээр эвдэж болох юм шүү!

Зуны өнгийг шингээсэн урилга

Зун цагийн юу нь илүү тийм сэтгэл татам юм бэ гэхэд ихэнх хүмүүс ертөнцийн бүх л өнгө энэ үед сэргэдэг хэмээн хариулах буй за. Тиймээ, нүд баясгам олон өнгийг байгалиас олж харахдаа сэтгэл сэргээд сайхан болдог шүү дээ. Яг л энэ мэдрэмжийг хуримын урилгадаа шингээгээд зочид руугаа илгээх боломж энд бий. Жижиг гялгар уутанд олон төрлийн цэцэг хийгээд, амсрыг нь туузаар бэхлэхдээ урилгынхаа цаасыг давхар хавчуулан уяад л боллоо. Өөрийн гараар хийхэд хялбар учраас багагүй мөнгө хэмнэж чадна шүү.

Үлээснээр урилга танд харагдах болно!

Энэ чинь одоо урилга юм уу гэж гайхах ч сонирхон оролдож үзэх урилганы нэг бол шаар. Санаа нь л байвал хэрэгжүүлэх боломжтой болсон цагт амьдарч байгаа шүү дээ, бид. Шааран дээрээ хуримын урилганыхаа үгийг бичүүлээд түүнийгээ гоёмсог цаасан дээр туузаар нааж тогтоогоод л гүйцээ. Цаасан дээрээ шаарыг үлээснээр урилга танд харагдах болно гэж бичихээ мартуузай. Хуримын өдөр хүн бүр өнгө өнгийн нэг шаар барин ирнэ гээд бод доо. Шинэлэг санаа биш гэж үү?

Аз жаргалтай мөчөө шингээе!

Хуримлах хосууд өөрсдийнхөө аз жаргалтай мөчөө шингээсэн зургуудаа ашиглан урилга болгож болох арга бий. Зургийнхаа дор цагаан дэвсгэр дээр урилгынхаа үгийг бичиж, дугтуйлаад л урилга бэлэн боллоо. Хамгийн гол нь та хоёрын зураг бүхий урилга зочдын тань зургийн цомогт багтах болно.

Байгальд ээлтэй хуримын урилга

Энэ цаг дор дэлхий тэр чигээрээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгох болсон төдийгүй та хоёр ч гэсэн үүнийг хуримдаа шингээж өгөх боломж бий. Энэ бол дахин боловсруулсан цаас ашиглан хуримын урилгаа урлах арга юм. Түүнийг тууз, өнгийн шрифт гээд яаж ч чимэглэсэн болно. Гол нь байгальд ээлтэй материал сонгон урилгаа хийх нь өөрөө хамгийн ухаалаг сонголт байж чадна.

 

 

 

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих