Нисдэг биетүүд Фүкүшимад хүнс зөөж байна
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-02 13:01:02

Япон улс одоогоос 6 жилийн өмнө 2011 онд газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдэж Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станц гэмтэж, цацраг идэвхт бодис алдахад хүрч байсан билээ. Цөмийн цахилгаан станцын эргэн тойронд 20 км радиуст цацраг идэвхт бодис тарсан байж болзошгүй гэж үзэн ойр хавийн хот, суурингуудаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм. Өнгөрсөн жил иргэдийн хөл хориог суллаж, Фүкүшима цөмийн цахилгаан станцын ойролцоо амьдардаг байсан оршин суугчид гэртээ эргэн иржээ. Гэвч худалдааны төвүүдээс өдөр тутмын хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад тийм ч амаргүй болсон байна. Цацраг идэвхт бодисны хор хөнөөлөөс сэргийлж дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хязгаарлажээ.

Тэгвэл Мина-мисома хотод өндөр настнууд ихэвчлэн амьдардаг. Энэ хотод анх удаа нисгэгчгүй онгоц буюу дроноор хүнс, бараа зөөж эхэлсэн байна. Лэвсон сүлжээ дэлгүүр цахим худалдааны Ракутен компанитай хамтран энэ 7 хоногт Мина-мисома хотын Одака дүүрэгт дроноор бараа хүргэх ажлыг эхлүүлжээ. Хотын оршин суугчид дэлхийн нийтийг цочирдуулсан аймшигт байгалийн гамшиг, цөмийн цахилгаан станцын ослын дараа өмнөх амьдралдаа эргэн орох гэж хичээж байгаа тухай Лэвсон дэлгүүрийн хамт олон ярьжээ. Гэхдээ хүрээлэн буй орчноосоо хүнс тэжээлээ цуглуулж өдөр тутам хэрэглэнэ гэдэг мэдээж хэрэг эрсдэлтэй юм. Тиймээс иргэдэд туслахаар алсын удирдлагатай нисдэг биетийн үйлчилгээг санаачилсан байна. Худалдан авагчид шарсан тахиа зэрэг халуун хоол, гэр ахуйн хэрэглэл цахимаар захиалж, Лэвсон дэлгүүрийн ажилчид захиалгыг нь түргэн шуурхай хүргэхийн тулд нисдэг биетийг ашиглаж байгаа юм. Энэ аргыг сүүлийн 6 сар туршиж байна гэжээ. Нэг дрон 2 кг бараа бүтээгдэхүүн зөөх хүчин чадалтай юм байна. Тус дэлгүүрийн хамт олон үйлчилгээний хүчин чадал, чанараа сайжруулахын тулд алсын удирдлагатай жолоочгүй ачааны машин туршиж байгаа юм байна. Хөдөө алслагдсан бүсэд амьдардаг болон өндөр настнуудад тун хэрэгтэй үйлчилгээ гэж үзэж байна.Японы хүн амын ¼-ээс илүү нь 65-аас дээш насныхан байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих