2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын бамбар Сөүл хотод газардлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-01 17:44:42

2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадам эхлэхэд яг 100 хоног үлдээд байгаа бөгөөд наадмын галт бамбар ийнхүү 100 хоногийн өмнө зохион байгуулагч Өмнөд Солонгос улсад өнөөдөр газардаад байна. Олимпийн галт бамбарыг 100 өдрийн турш Өмнөд Солонгосын газар нутгаар аялуулах бөгөөд энэхүү хүндтэй үүргийг эхлүүлэх азтнаар тус улсын уран гулгалтын залуу од, тамирчин Ю Ён тодорсон байна. Тэрээр Өмнөд Солонгосын ерөнхий сайд И Нак Ён-оос галт бамбарыг гардан авчээ. Уран гулгалтын тамирчин Ю Ён 200 метр зайг гүйж туулсныхаа дараагаар Өмнөд Солонгосын телевизийн алдарт хөтлөгч, хошин урлагийн жүжигчин Ю Жэ Сук-д дамжуулсан байна. Энэ мэтчилэн зөвхөн өнөөдөр уг галт бамбарыг 101 хүн дамжуулан авч явах юм. Мөн яг энэ мөчид Инчеон гүүрний дэргэдэх Сарны гэрэлт цэцэрлэгт хүрээлэнд галт бамбарыг угтах ёслол явагдаж байгаа бөгөөд үүний дараагаар Чэжү арлыг зорих юм байна. Галт бамбар Өмнөд Солонгос улсын бүх 9 аймаг, 8 том хотыг тойрон, 2018 км замыг туулан аялах бөгөөд төгсгөлд нь 2018 оны 2 дугаар сарын 9-нд Пёнчан хотод ирж, Өвлийн олимпийн наадмыг эхлүүлэх болно. Пёнчаны өвлийн олимпийн наадмын зохион байгуулалтын зардалд Өмнөд Солонгос улс ойролцоогоор 12.5 тэрбум ам.долларыг зарцуулж байгаа бөгөөд үүнээс 10.5 тэрбум ам.долларыг наадмын талбайн барилгын ажилд зориулж байгаа бол үлдсэн төсвийг бусад зохицуулалтын ажилд зарцуулж байгаа ажээ. Мөн тус улсын ерөнхийлөгч Мүүн Жае Ин 2018 оны өвлийн олимпийн наадмыг Солонгосын хойгийн бүс нутгийн энх тайвны илэрхийлэл, бэлэг тэмдэг болгохыг зорьж, ихэд хичээж ажиллаж байгаа юм. Мягмар гаригт тэрээр Үндэсний нэгдлийн зохицуулах хорооны нэгдсэн уулзалтанд оролцох үеэрээ мөн энэхүү асуудлыг өргөн тавьж, Умард Солонгосын баг, тамирчдыг Олимпийн наадамд хүрэлцэн ирж, оролцохыг урьсан байна. Мүүн Жае Ин  Умард Солонгос улсыг дайсагнасан хандлага болон пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоож, энх тайвныг цогцлоох замыг сонгохыг уриалжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих