Эмх цэгцийн ертөнц
TV ZONE сэтгүүл
2017-11-01 14:44:44

Юм бүхэн ундуй сундуй замбараагүй байх нэг л тавгүй, харин аливаа бүхэн эмх цэгцтэй байх цаанаа нэг амар тайван мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс замбараагүй зүйлсээ эмх цэгцэнд нь оруулах цаанаа л нэг гоё. Ялангуяа, бүсгүйчүүд бид ихэвчлэн зүсэн зүйлийн олон хувцас хэрэглэлдээ төөрч, тэр бүхнийгээ яаж цэгцлэх ч учираа олохгүй байх нь бий. Нэг сайхан эмхлээд тавина, удахгүй шинэ зүйл нэмэгдэнэ, эсвэл тэр олон хувцаснаасаа өдөр бүр тохирохыг нь олж өмсөх гэж “дайн” болно. Сүүлдээ ч замбараагүй чигт нь орхиж, завтай өдрөө нэг сайхан цэвэрлэх нэгэн ч бий. Тиймээс олон зүйлийг нэг дор хийж тавилгүйгээр тус бүрт нь ангилж, тэндээсээ сонголтоо хийхэд хялбар болох аргуудаас хүргэж байна.

 

Бүсгүйчүүд бидний ихэнх нь дотуур хувцсаа нэг шүүгээнд, эсвэл нэг уутанд бөөгнүүлэн хийчихдэг. Дотуур хувцаснуудаа ялгаж хийсэн нь тэр байх. Гэхдээ турсик, хөхөвч дотроо даавуун, торон, торгон гээд олон төрөл. Энэ дундаас нэгийг олох гэж багагүй л зүйл болж таараа. Тиймээс нэг шүүгээндээ дан хөхөвч, ингэхдээ нэг эгнээнд нь торон, нэг эгнээнд нь даавуун гэх зэргээр ангилан хийчих. Нөгөө шүүгээндээ турсикээ ч гэсэн материалаар нь ангилан хийчих. Оймсоо ч гэсэн өөр нэг шүүгээндээ ангилчих. Ингээд бүх зүйл эмх цэгцтэй болох учраас хэр барагтай замбараагүйтэхгүй. Хамгийн гол нь хайснаа төвөггүйхэн олно.

Өндөр өсгийтөд дурладаггүй эмэгтэйчүүд ховорхон гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Бүр шунан дурладаг, түүнийгээ авахаас нааш санаа нь амардаггүй бүсгүйчүүл ч олон. Шүүгээнд нь багтаж шингэхгүй байхад л хүссэнээ авах гэж улайрна. Ийм нэгэн өндөр өсгийтөд дурладаг бүсгүйчүүддээ энэ аргыг санал болгож байна. Өрөөнийхөө аль нэгэн хананд барьцтайхан нарийн даавууг энд харагдаж буй шиг хоёр, гурван эгнээ болгон хадчих. Ингээд үүндээ өсгийтүүдээ хос хосоор нь өлгөчих. Харахад ч кайфтай. Хамгийн гол нь багтаж шингэхгүйн зовлон үгүй.

Өнгөлөг, гоё материалтай намирсан алчуурнууд өмссөн хувцсан дээр хүч нэмээд гоё шүү. Гэхдээ тэднийгээ хувцсан дундаа холилдуулаад хийх нь амархан үрчийх, мөн хувцасны олон үнэр дунд муухай болох нь бий. Тиймээс зөвхөн алчуурнуудаа тусад нь үрчийлгэхгүйгээр хадгалах ёстой. Ингэхийн тулд эл арга их тохиромжтой. Нарийн модны хоёр талд утас зүүж, түүнийгээ хаалгандаа өлгөөрэй. Модондоо хувцасны хавчаар нааж, тэдгээртээ алчуур нэг бүрээ өлгөж тавиарай. Манайх тоос шороо ихтэй байдал тул гялгар уутаар бүтээчихэж бас болно шүү.

Заримдаа ч хувцасны өлгүүр дэндүү багадах тохиолдол гардаг шүү. Арга ядахдаа бүр хооронд нь шахаад ч болов өлгөнө. Гэтэл энэ нь хувцас үрчийх, мөн хувцсаа тэр дундаас гаргаж авахад төвөгтэй болно. Тиймээс эл зураг дээр харагдаж арга зай талбайг чинь хэмнэж, бас илүү эмх цэгцэнд оруулж өгнө.

Таны амьдардаг байр хэрвээ хоёр давхар бол, эсвэл шинээр байшин барих гэж буй бол хоёр давхар руу гарах шатныхаа зай талбайг ингэж ашиглаарай. Манайх шиг дөрвөн улиралтай, улирал бүрээс шалтгаалж өмсөх хувцсаа сольдог учраас өмсөхгүй хувцаснуудаа ингээд хийчихэд маш тохиромжтой.

Өндөр өсгийтүүдээ харж баясмаар санагддаг уу? Би ч гэсэн хааяа дурлаж авсан туфлинүүдээ хараад сэтгэл “цаддаг”. Өсгийтүүдээ хайрлаж арчилдаг, харж баясдаг бүсгүйчүүддээ гэртээ ингээд тавиур хийлгэж, “хайрт”-уудаа өрж тавихыг санал болгоё! Хэлбэрийг нь алдагдуулахгүй ингээд өрчих нь олон давуу талтай шүү.

Минималист сэтгэлгээтэй хүмүүс бидний дунд цөөнгүй. Элдвийг хүсээд байхгүй энгийн хэв маягийг эрхэмлэх тэдгээр хүмүүст ийм нэгэн өлгүүрийг санал болгож байна. Өндөр урт дөрвөн мод байхад л түүнийг хүссэн өнгөөрөө будаж, хооронд нь бүдүүн утсаар бэхлэж холбоод л өлгүүр бэлэн болно. Өлгүүр шиг хэрэгтэй зүйл гэрт үгүйг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ.

Цүнх бол эмэгтэй хүний салшгүй нэгэн чимэг. Гоё цүнхтэй алхах ч бас өөртөө итгэх итгэлийг нэмдэг шүү. Улирал бүр барих цүнх, дээр нь өөрт таалагдсанаа авч байж санаа нь амрах хүслээсээ болж нэлээн олон цүнхтэй болох нь бий. Хамаагүй нэг хайрцагт хийн хадгалах нь цүнхний хэлбэр дүрсийг алдагдуулах гээд байдаг учир хадгалалт тал дээр нэлээн санаа тавих хэрэгтэй шүү. Тэгвэл дурлаж авсан цүнхнүүдээ харж баясахаар, дээр нь хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр ингэж өрж тавих арга байна. Өрөөг чинь ч чимэх болно.

Өмнө нь шатыг хэрхэн шургуулга болгон ашиглах талаар санал болгосон. Харин одоо орныхоо доод хоосон зайг ашиглах эл аргыг санал болгоё! Өргөн орны доод хоосон зайг ашиглахгүй байж байхаар ингээд шургуулга хийчихвэл ямар их хувцас хэрэглэл багтана гэж бодно.  

Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг ярилтгүй олон. Зориулалтын хайрцагт хийдэг ч багтахааргүй олон байдаг бүсгүйчүүл ч бий. Тэдгээр бүсгүйчүүддээ эл аргыг зөвлөе! Гоёмсог хавтан дээр хадаас хатгаж, зүүсгэлүүдээ өлгөөрэй. Ингээд ширээн дээрээ тавихад сайхан ч харагдах болно.   

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих