Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ
UBS.MN NEWS
2017-10-20 10:01:10

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы 2017.10.19-ний үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ. 

Дараа нь Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн 93.3хувь нь Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал гишүүд, төмөр замын болоод автозамын талаар баримтлах бодлого, дэлхийн дунджаас хэт өндөр байгаа агаарын тээврээр зорчих үнийг бууруулах талаар ямар бодлого барихыг лавлаж байлаа. Мөн хоёр хөршийн хамт байгуулах эдийн засгийн корридорыг байгуулах асуудалд анхаарал хандуулахыг хүссэн.

Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох замын асуудалд онцгой анхаарч ажиллана гээд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн замыг барьж дуусгах асуудлыг нэн түрүүнд анхаарна гэлээ. Мөн агаарын тээврээр зорчих үнийг бууруулах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ тэрбээр мэдэгдсэн. Үндэсний агаарын тээвэрлэгч компани чухал уу, иргэд хямд үнэтэй, аюулгүй агаарын тээврийн хэрэгслээр зорчих уу гэдгийг судалж үзэн өрсөлдөөнийг бий болгож, зорчих тасалбарын үнийг бууруулах боломжийг бий болгоно гэв. Түүнчлэн гурван улсын эдийн засгийн корридор байгуулах ажил сүүлийн жилд орхигдсон хэмээгээд энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд далайцтай ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР

 

Мөн хуралдаанаар Долгорсүрэнгийн Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Д.Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилох саналыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан. Сайдад нэр дэвшигчээс гишүүд хууль бусаар олборлолт хийдэг, нөхөн сэргээлт хийдэггүй компаниудтай ямар хариуцлага тооцох талаар тодруулсан. Мөн ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахыг хүсч байлаа.Нэр дэвшигч Д.Сумьяабазар орон нутагт үүсээд буй уул уурхайн олборлолт, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалж, асуудлыг шийдвэрлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр, ашигт малтмалыг нь олборлочихоод нөхөн сэргээлт хийдэггүй, хүний юм шиг сэтгэлээр ханддаг, лицензээ дамжуулан худалддаг зэрэг хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцно гэлээ. Мөн үүргээ ухамсарлан ажилладаг, нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийдэг аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжинэ гэж хариулсан.

Ингээд санал хураалт явуулахад Д.Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  89.6хувь нь дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Батжаргалын БАТЗОРИГ

Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 17-ны өдөр энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэн юм.Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн. 

Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү, махны олон үйлдвэрүүд байгуулагдсан. Гэтэл мах нь гадагшаа борлодоггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Монгол ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангана гээд байдаг. Гэтэл хураасан ногоогоо агуулах сав бий юу хэмээн лавласан.

Сайдад нэр дэвшигч Б.Батзориг, Монгол мал 60 саяд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөл дээрээ боссон. Цаашид энэ салбараа зөв бодлогоор авч явбал гурван сая хүнээ экологийн цэвэр хүнсээр хангаад явах боломжтой. Мал эмнэлгийн хяналт, хүнсний аюулгүй байдлын хяналт сүүлийн үед алдагдсан. Үүнийг сайжруулах хэрэгтэй байгаа. Мал эмнэлгийн хяналтыг сайжруулж, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьснаар экспортод мах гаргах боломж бүрдэнэ. Төмс, хүнсний ногоогоор дотоодоо хангах боломжтой болсон. Зоорь дутагдалтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, махны экспорт гэж олон жил ярьж байгаа. Махыг урд хөрш рүү экспортлох боломжтой. Тийм учир урагшаа чиглэсэн зөв бодлого явуулаарай хэмээн захьсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базааж, төрийн нэг цонхны бодлогыг барьж ажиллаарай хэмээсэн. Түүнчлэн гишүүд малчид тариаланчдын хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт инновацийг хөгжүүлэх асуудлыг хөндөж байлаа. Нэр дэвшигч Б.Батзориг, Монгол Улс нэг сая га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулан ашиглаж байгаа. Цаашид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, малчид, тариаланчдын хооронд үүсдэг маргааныг таслах ёстой гэсэн хариулт өгсөн.

Ингээд нэр дэвшигч Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Дараа нь Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг эн сарын 17-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8хувь нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, дараа нь үг хэлж байр сууриа илэрхийлсэн.Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгуудад дулааны станц барих асуудал ямар шатанд яваа, ахмад настнуудад үзүүлдэг цахилгааны хөнгөлөлтөд аймгийн төвүүд дэх ахмадуудыг хамруулах боломж бий юу хэмээн тодруулсан.

Нэр дэвшигч Ц.Даваасүрэн, 10 аймагт дулааны станц барих төслийг БНСУ-ын “Эксим” банкны зээлээр хэрэгжүүлэхээр холбогдох талууд санамж бичигт гарын үсэг зураад байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ ажлыг эрчимжүүлэх талаар, мөн аймаг, орон нутагт амьдарч байгаа ахмадуудыг эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах асуудлыг судлах болно хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ц.Даваасүрэнг Засгийн газрынЭрчим хүчний сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.  

Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Даваажанцангийн САРАНГЭРЭЛ

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжсэн юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хавдартай хүмүүсийн химийн тариаг төрөөс даадаг гэдэг ч тэр мөнгө нь хүрэлцдэггүйгээс ядарсан иргэд өөрсдөөсөө мөнгө гаргаж химийн тариа худалдан авах явдал гардаг гээд энэ асуудлыг шийдэхэд анхаараарай хэмээн захьсан.

Эмийн зохисгүй хэрэглээ, хавдрын оройтсон оношилгоо, эх, хүүхдийн эндэгдэл, бэлгийн замын халдварт өвчний тархалт, эмч, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг гишүүд хөндөж ярьсан бөгөөд санаа зовоож буй эдгээр асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн.

Ингээд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүү-Эрүүл мэндийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжлээ.

Ийнхүү Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдыг саналыг УИХ хэлэлцэж дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо. 

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг баталсан.

Эцэст нь Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын шинэ гишүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
зочин
2017-10-20 11:47:38
За одоо ажлыг маналзуулаад байждээ. Ард түмний итгэлийг ахин битгий хугалаасайдаа
зочин
2017-10-20 11:47:13
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сайдууд бүгд давгүй хүмүүс гарчихлаа. Одоо харах л үлдлээдээ
Puntsagdorj
2017-10-20 11:42:06
Xvrelsvx said ard tvmend amlasan Mongol ulsiig sergeenee gej. Bid xarin demjij xeregtei baixdaa.
Odonchimeg
2017-10-20 11:41:31
Zuw xvmvvs garsan. Munxag turiig sergej chadna gej ard irged itgel xvleelgej baina.
Mugii
2017-10-20 11:32:05
Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ.