В.Путинд төрсөн өдрөөр нь хоньч нохой бэлэглэжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 17:29:28

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд саяхан болж өнгөрсөн 65 насны төрсөн өдөрт нь баяр хүргэж, "Үнэнч" хэмээх нэртэй Туркменистаны Алабай үүлдрийн хоньч нохойн гөлөг бэлэглэсэн байна.

Лхагва гаригт ОХУ-ын Сочи хотноо болсон эрчим хүчний салбарын зах зээлийн уулзалтын үеэр Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ОХУ-ын төрийн тэргүүний 65 насны төрсөн өдөрт зориулсан бэлгээ гардуулсан байна. Тэрээр Туркмен хоньч нохой буюу Алабай үүлдрийн "Үнэнч" хэмээх нэртэй гөлгийг В.Путинд бэлэглэсэн бөгөөд хоёр орны эрчим хүчний салбарын уулзалтыг нэгэн сайхан үйлээр эхлүүлэхийг хүсч, саяхан болж өнгөрсөн таны төрсөн өдөрт зориулж уг бэлгийг өгье, танд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхныг хүсье хэмээн хэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нохойнд тун дуртай учир гадаадын удирдагчид түүнд нохой бэлэглэх нь цөөнгүй байдаг юм. 2010 онд Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов ОХУ-ын түүнд "Баффи" нэртэй болгар хоньч нохой бэлэглэж байсан бол 2012 онд Японы Акита мужийн захирагч Оросын зүгээс Японд болсон газар хөдлөлт, цунамийн хор уршгийг арилгахад тусламж үзүүлсэн явдалд талархал болгож Акита-ину үүлдрийн "Юмэ" хэмээх нохойг бэлэглэж байсан юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих