Грекийн парламент хүйсээ өөрчлөх тухай эрхийн хуулийг дэмжин баталжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-12 09:30:00

Грекийн парламент мягмар гаригт тус улсын иргэд 15 наснаасаа хойш өөрийнхөө хүйсийг өөрчлөх шийдвэрээ чөлөөтэй гаргаж, сонголт хийх эрхтэй болох тухай хуулийн төслөөр санал хураалт явуулж, улмаар дэмжигдэн батлагджээ.

Грекийн трансжендер иргэд 15 наснаасаа хойш өөрийнхөө хүсэл, сонголтын дагуу эмийн эмчилгээ, мэс ажилбарын оролцоогүйгээр хүйсээ тодорхойлох эрхийн тухай хуулийг нийт 285 суудалтай Грекийн парламентын 147 гишүүн дэмжсэнээр уг хууль батлагдлаа. Олон нийтийн дунд хуваагдмал байр суурийг үүсгээд байсан энэхүү хуулийг анх тус улсын ерөнхий сайд Алексис Ципрасын тэргүүлдэг Сириза намаас санаачлан дэвшүүлсэн юм. Сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцсэн энэхүү хуулийг Алексис Ципрас тус улс дахь хүний эрхийн томоохон өөрчлөлт болж байгааг онцолжээ. Тэрээр ЕХ-нд гишүүн хэвээр үлдэнэ гэдэг нь зөвхөн өр зээлийн асуудлаа шийдүүлэхдээ бус, мөн бүхий л асуудал дээр өөрчлөгдөж, шинэчлэгдэн, хуучинсаг үзлээсээ салахад оршиж байгаа юм гэжээ. Дээрх хуулийг тус улсын ЛГБТ хүрээлэл таатайгаар хүлээн авсан бол Үнэн алдартны шашны сүм, улс төрийн сөрөг хүчин , тэр ч байтугай уг хуулийг санаачилсан эрх баригч намын зарим гишүүд хурцаар шүүмжилж эхлээд байна. Дээрх хуулийн дагуу трансжендер иргэд албан ёсны бичиг баримтан дээрх хүйсээ өөрийнхөө сонголтоор тодорхойлох эрхтэй болж байгаа бөгөөд заавал хүйс солиулах эмчилгээ, мэс ажилбарт орох шаардалагагүй гэдгийг зааж өгөөд байгаа юм.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих