Каталоны Ерөнхийлөгч тусгаар тогтнол зарлах билэгдлийн шинжтэй баримт бичигт гарын үсэг зурлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-10-11 17:30:00

Мягмар гаригт Испаний өөртөө засах Каталони мужийн ерөнхийлөгч Карлес Пуиждемонт тус мужийн тусгаар тогтнолыг зарлах тухай билэгдлийн шинж чанартай баримт бичигт гарын үсэг зурсан ч салан тусгаарлах асуудлаар Мадридтай яриа хэлэлцээр явуулахаар болсноо мөн зарлан мэдэгдээд байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Испани улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлах асуудлаар нилээд шуугисан өөртөө засах Каталони мужийн ерөнхийлөгч Карлес Пуиждемонт мягмар гаригт тусгаар тогтнол зарлах тухай билэгдлийн шинж чанартай баримт бичигт парламентын дарга болон бусад гишүүдийн хамтаар гарын үсэг зурлаа. Гэхдээ энэ нь тус муж тусгаар тогтнолоо зарласан гэсэн үг биш юм. Дээрх асуудлаар Мадридын төв засгийн газартай ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд яриа хэлэлцээр явуулахын тулд тусгаар тогтнол зарлах асуудлыг хойш нь тавьж байгаагаа давхар мэдэгдээд байна. Түүний энэхүү алхам Каталоний тусгаар тогтнолыг дэмжигч ард иргэдийн дунд тодорхойгүй байдал, бухимдал дургүйцлийг нэгэн зэрэг үүсгээд байгаа юм. Учир нь мужийн тусгаар тогтнолыг зарлах асуудлыг хэвээр нь үлдээж байгаа ч хэзээ зарлах нь тодорхой бус болоод байна. Мадридын зүгээс ямар ч төрлийн тусгаар тогтнол зарлах тунхаг бичгийг Үндсэн хуулинд харшилсан, хууль бус үйлдэл гэж үзсэн байр суурин дээрээ бат зогсож, улмаар Испани улсын дотоод улс төр, нийгмийн орчинд хууль эрхзүй, шударга ёс, ардчиллыг тогтоох болно гэж амлаад байгаа юм. Карлес Пуиждемонт хэдийгээр Каталони мужийн ард түмний тусгаар тогтнолын төлөө өгсөн санал хүчинтэй гэдгийг онцолсон ч Мадридын төв засгийн газартай энэхүү асуудлаар хэлэлцэж, тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа өчигдөр уламжлаад байна. Ажиглагчдын зүгээс түүний энэхүү үйлдлийг Мадрид болон хөрш зэргэлдээх Франц, Герман зэрэг улсаас ирж байгаа дарамт шахалт, дээрээс нь тусгаар тогтнол зарлах асуудлаас үүдэн тус мужид үйл ажиллагаа явуулдаг нөлөө бүхий олон улсын компаниуд мужийг орхин гарахаар болоод байгаатай холбоотойгоор нөхцөл байдлыг даамжруулахгүй, тайван замаар шийдвэрлэхийг хүссэн үйлдэл болсон гэж тайлбарлаж байна. Испаний засгийн газраас түүнийг тусгаар тогтнолын нууцлаг баримт бичигт гарын үсэг зураад, дараагаар нь түүнийгээ цуцласан явдлыг хүлээн зөвшөөрөшгүй зүйл хэмээн шүүмжилжээ. Испаний ерөнхий сайд Мариано Ражой өнөөдөр Каталоны асуудлаар засгийн газрын уулзалт, хуралдааныг зохион явуулахаар болоод байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих