Умард cолонгосчууд АНУ,БНСУ-ын хамтарсан төлөвлөгөөг хулгайлжээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-10-10 17:20:10

Умард Солонгос улс энэ намар устөрөгчийн цөмийн бөмбөг туршсанаас хойш Солонгосын хойгийн зөрчил хурцдаж, АНУ хориг арга хэмжээгээ чангатгасан. Тэгвэл хамгийн сүүлд Сөүлээс авсан мэдээллээр Умард Солонгос улс АНУ болон Өмнөд Солонгосын дайны үеийн хамтарсан төлөвлөгөөг хулгайлсан гэжээ.Энэ төлөвлөгөө нь Солонгосын хойгийн зөрчил хурцадсан үед Пхеньяний эсрэг явуулах  цэргийн ажиллагааны талаар байжээ. Өмнөд Солонгосын өгч байгаа мэдээллээр Умардын тал өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Батлан хамгаалах мэдээллийн төвд нэвтэрч орсон байна. Тэд Умард Солонгостой хийж болзошгүй дайныг тооцоолсон хамгийн чухал баримт болох Үйл ажиллагааны төлөвлөгөө 5015-ыг хулгайлжээ. Мөн Умардын дарангуйллын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий мэдээллүүд нийлээд 235 гегабайт буюу нийт мэдээллийн сангийн 80 хувийг алдсан тухай Өмнөдийн Батлан хамгаалахын сайд мэдэгдээд байна. Хамтарсан төлөвлөгөөнөөс гадна Өмнөд Солонгос улсын тусгай хүчин, цэрэг армийн хүчин чадал, эрчим хүчний станцуудын талаарх нууц мэдээллүүд алдагдсан гэж үзжээ. Сүүлийн үед Хойд Солонгос улс цахим дайны хүчин чадлаа нэмэгдүүлээд байгаа. Дэлхийн томоохон улс орнуудын Засгийн газрууд, санхүүгийн байгууллагууд, тэр ч бүү хэл кино үйлдвэрлэгчдийн мэдээллийн санд нэвтэрсэн гэж таамаглаж байна. Хамгийн сүүлд гэхэд Пхеньяний Галт Нүд аюулгүй  албаны баг Өмнөд Солонгосын үнэт цаасны зах зээлийн сүлжээг эвдэж их хэмжээний биткойн буюу цахим мөнгөн дэвсгэрт хулгайлахыг оролджээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих