У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д орууллаа
UBS.MN NEWS
2017-09-27 15:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 13.30 цагт Ерөнхий сайдын нэрийг зөвшилцөхөөр өргөн барив.

УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр “Энэ есдүгээр сарын 25, 26-ны өдөр болсон МАН-ын есдүгээр Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн. Ингээд Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн анкет, материал, хурлын шийдвэрийг өргөн барьж байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.

Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих