Рохинжа нарын эсрэг хүчирхийллийг олон улс эсэргүүцэж байна
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-11 15:30:00

Мьянмар улсын үндэстний болон шашны цөөнх болох рохинжа нарын эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэн, Мьянмарын засгийн газрын эсрэг жагсаал цуглааны арга хэмжээнүүд Пакистан, Иран зэрэг Ойрхи Дорнодын муслим шүтлэгтэй улс орнууд болон Европт зохиогдож эхлээд байна. Мьянмарын армийн зүгээс явуулж байгаа хүчирхиллээс үүдэн 300000 орчим рохинжачууд Рахине мужийг орхин гарч, дайжаад байгаа юм.

Мьянмар улсын зэсвэгт хүчнийхэн болон үндэстний цөөнх болох рохинжа нарын хооронд өнгөрсөн сарын сүүлээс эхлэн мөргөлдөөн гарч эхэлсэн бөгөөд Мьянмарын армийн зүгээс Рахине муж дахь рохинжа нарын оршин суудаг тосгодуудыг юу ч үгүй болтол нь галдан шатаагаад байгаа талаарх шинэ гэрэл зураг, дүрс бичлэгийг Ройтерс агентлаг ил болгоод байна. Мөн ням гаригаас эхлэн Мьянмарын армитай дайтаж байгаа Аракан Рохинжа Чөлөөлөх Армийн зүгээс хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудын тусламжийг Рахине мужид оруулах үүднээс нэг сарын хугацаанд гал зогсоохоор болсон бөгөөд Мьянмарын армийг хэсэг хугацаанд гол зогсоохыг уриалсан мэдэгдлийг гаргасан байна. НҮБ-ын зүгээс мэдээлж байгаагаар 8 сараас хойш Рахине мужийг 300000 гаруй хүн орхин гараад байгаа бөгөөд хөрш зэргэлдээх Бангладеш улс руу дайжин гараад байгаа эдгээр хүмүүст хоол, хүнс, цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ нэн шаардлагатай байгааг онцолж байна. Өлслөгөнд нэрвэгдэхэд хүрээд байгаа рохинжа дүрвэгсдэд хоол хүнс хүргэх гэх зэрэг зохицуулалтын ажлууд өнөөдөр хүмүүнлэгийн байгууллагууд болон Бангладеш улсын хувьд толгойн өвчин болж хувираад байна. Рохинжа нарыг суурин газраасаа дайжиж, Бангладеш улс руу дүрвэн гарахад нөлөөлсөн Мьянмар улсын цэрэг армийн зүгээс явуулж байгаа хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаанууд олон улсад зохион байгуулагдаж эхлээд байна. Пакистан улсын Карачи хотод 700 гаруй хүний жагсаал, Ираны нийслэл Тегеран хот дахь НҮБ-ын зохицуулагчийн албаны байрны гадна талбай дахь муслим шашинт оюутнуудын жагсаал, Их Британий нийслэл Лондон хот адхь Мьянмар улсын ЭСЯ-ны гадна талбай дахь олон зуун хүний жагсаал зэрэг олон эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохиогдсоор байна. Жагсагч олон рохинжа нарын эсрэг үйлдэж байгаа хүчирхийллээ зогсоохыг Мьянмар улсын удирдагч Аун Сан Сүү Чий-д шаардсан байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих