Венецийн кино наадмын дээд шагналыг Мексикийн найруулагч Гиллермо Дел Торо хүртэв
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-11 15:00:00

Энэ жил 74 дэх удаагаа зохион байгуулагдсан Венецийн кино наадам бямба гаригт өндөрлөөд байна. Наадмын дээд шагналыг Мексикийн кино найруулагч Гиллермо Дел Торо "The Shape of Water" бүтээлээрээ хүртсэн байна.

74 дэх удаагийн Венецийн кино наадмын дээд шагнал болох "Алтан арслан" шагналд Америк, Франц, Герман, Япон, Хятад, Австрали, Их Британи, Ливан зэрэг улс орны нийт 21 кино бүтээл өрсөлдсөнөөс АНУ-ыг төлөөлөн оролцсон, Мексикийн кино найруулагч Гиллермо Дел Торо-гийн бүтээл болох "The Shape Of Water" буюу "Усны хэлбэр" кино шилдгээр шалгарсан байна. Энэ жилийн шүүгчдийн багийг тэргүүлсэн ахмад жүжигчин Аннетт Беннинг-ээс шагналаа гардан авсан найруулагч Гиллермо Дел Торо өөрийнхөө бүтээлийнхээ талаар хэлэхдээ "яг энэ цаг мөчид дэлхий ертөнцөд маш их хэрэгтэй байгаа итгэл найдвар гэдэг зүйлийг энэхүү бүтээлээрээ харуулахыг хүссэн" гэсэн байна. Уран зөгнөлт, үлгэрийн сэдэвтэй уг киноны гол дүрүүдэд Холливудын жүжигчин Сэлли Хоукинс, Майкл Шэннон нар тоглосон байна. Венецийн кино наадмын шүүгчдийн нэрэмжит шагналыг Израилийн найруулагч Самуэль Маоз "Фокстрот" киногоороо хүртсэн бол Францын найруулагч Завье Легранд "Иргэний хэрэг" киногоороо шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Мөн тэрээр уг бүтээлээрээ шилдэг дебют бүтээлийн шагналыг давхар хүртсэн юм. Шилдэг эмэгтэй жүжигчнээр "Ханна" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Шарлотта Рамплинг, шилдэг эрэгтэй жүжигчнээр "Доромжлол" кинонд бүтээсэн дүрээрээ Палестины жүжигчин Камел Эл Баша тус тус шалгарч, шагнал хүртжээ. Ийнхүү 10 өдрийн турш үргэлжилсэн 74 дэх удаагийн Венецийн кино наадам шилдгүүдээ тодруулснаар өндөрлөөд байна.

https://www.youtube.com/watch?v=ULaWQSh4SgU&feature=youtu.be

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих