БНХАУ дизель түлш, шатахууны худалдааг зогсооно
Гүрпүрэв Ганчимэг
2017-09-11 13:00:00

Тус улсын аж үйлдвэрийн дэд сайд Шин Гуобин автомашин, тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалттай холбоотой судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү шийдвэр гаргасан байна. Гэхдээ дизель түлш, бензин шатахууны худалдаа, үйлдвэрлэлийг хориглох хуулийн төсөл хэдийд хэрэгжиж эхлэхийг тодорхой мэдэгдээгүй байгаа юм. Хятад нь дизель түлш, шатахууны хэрэглээгээрээ АНУ-ын дараа дэлхийд 2 дугаарт ордог томоохон хэрэглэгч орон.

Өнгөрсөн жил БНХАУ 28 сая автомашин үйлдвэрлэсэн байна. Энэ нь дэлхийн автомашины нийт зах зээлийн 1/3 -ийг дангаараа бүрдүүлсэн гэсэн үг юм. Дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан улс орнууд шатахуун болон дизелиэр  хөдөлдөг автомашины хэрэглээнээс татгалзах санал гаргаад байгаа. Тухайлбал Их Британи болон Франц улсууд ирэх 2040 он гэхэд дизель, шатахуунаар хөдөлдөг тээврийн хэрэгсэл шинээр үйлдвэрлэхийг хориглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн Хятадын эзэмшдэг Вольво автомашин үйлдвэрлэгч 2019 оноос хойш үйлдвэрлэх бүг загварууддаа цахилгаан хөдөлгүүр  ашиглана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Ниссан, Форд, Женерал Моторс компаниуд цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг хэрэглэгчдэд илүү ойр болгохын тулд ажилласаар байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын засгийн газар 2025 он гэхэд нийт тээврийн хэрэгслийн худалдааны дор хаяж 1/5-ийг цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй автомашинаар солихыг зорьжээ. Мөн тус улсын нутагт үйл ажиллагаа явуулдаг автомашин үйлдвэрлэгчдэд 3 жилийн дотор нийт үйлдвэрлэлтийнхээ 12 хувьд цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх журмыг танилцуулсан байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих