Ханхүү Уилльям, гүнгийн ахайтан Кейт нарын хохирлыг барагдуулах шийдвэр гарчээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-07 13:30:00

2012 онд Францын шар хэвлэлийн папарацци гэрэл зурагчин Их Британий ханхүү, Кембрижийн гүн Уилльямын эхнэр Кейт-ийн цээж нүцгэн зургийг авч, хэвлэлд нийтэлсний улмаас Уилльям, Кейт нар тухайн гэрэл зурагчний эсрэг гомдол мэдүүлж, хэрэг үүсгэн, 1.6 еврогийн нөхөн төлбөр төлөхийг шаардаж байсан бөгөөд Францын шүүхээс уг хэргийг тэдний талд шийдвэрлэсэн байна. Франц улсын шүүхээс Кембрижийн гүн болон гүнгийн авхай нарын хувийн эзэмшилд хууль бусаар нэвтэрсэн хэргээр гэрэл зурагчин, шар хэвлэлийн ажилтан гэх зэрэг нийт 6 хүнийг уг хэрэгт буруутай гэж тогтоон, улмаар 100000 евро-гийн хохирлыг тухайн хүмүүсээр Уилльям, Кейт нарт төлүүлэх шийдвэрийг гаргажээ. Кейтийн цээж нүцгэн зургийг хэвлэн нийтэлсэн, алдартнуудын амьдралын дуулиан, шуугианы талаар бичдэг "Closer" сэтгүүлийн эрхлэгч болон редакторт мөн тус бүр 45000 еврогийн торгууль ногдуулсан байна. 2012 онд Уилльям, Кейт нарыг Францын Провинс мужийн Луберон хот дахь хувийн эдлэн газартаа амарч байх үеэр Кейтийн цээж нүцгэн зургийг авсан бөгөөд тухайн зургуудыг дарсан францын гэрэл зурагчин Валери Суау тухайн эдлэн газар нь Уилльям, Кейт нарын хувийн эзэмшил байсныг огт мэдээгүй гэж шүүхэд мэдүүлэг өгч байсан юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих