Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцож байна
UBS.MN NEWS
2017-09-04 15:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авав.

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих