Монголд тоглож буй Япон улсын хөлбөмбөгийн тамирчны бие сайжирчээ
Бэлгүүн Намсрай
2017-05-22 13:10:53

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй “Атлетик 220” өчигдөр /2017.05.21/ дөрөвдүгээр тойргийн тоглолтоо “Дэрэн”-тэй хийлээ.

Анх удаа учраа тааран тоглож буй багуудын тоглолтын эхний үед хаалга чиглэсэн хэд хэдэн аюултай довтолгоо өрнөсөн ч хаалганы тор хөдлөлгүй нэгдүгээр үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад “Атлетик 220” клубын япон хамгаалагч Ейсүкэ Мори, “Дэрэн”-гийн довтлогч Ц.Төмөр-Очир нар хүчтэй мөргөлдөж, Ейсүкэ Мори бэртэл авсны улмаас тоглолт нэлээдгүй хугацаагаар саатсан юм.

“Атлетик 220” багийн япон тоглогч Ейсүкэ Мори эрүүгээрээ хүчтэй мөргөлдсөний улмаас амьсгалын дутагдалд орж, ухаан алдсан байна. Улмаар ухаан алдан унахдаа тархиндаа доргилт авчээ. Тоглолтын үеэр “Дэрэн” клубын эмч Г.Отгон-Эрдэнэ яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж чадсан байна. Тамирчныг эмнэлэгт хүргэснээр биеийн байдал нь сайжирчээ. "Атлетик-220" клубын зүгээс "Дэрэн" клубын эмчид онцгойлон талархал илэрхийлж байна. Хэрвээ шаардлагатай түргэн тусламжыг яаралтай авч чадаагүй бол тамирчны амь насанд хүрэх аюултай байжээ. Одоогийн байдлаар эмч нар түүнд 10 хоногийн хэвтрийн дэглэм барихыг зөвлөсөн байна. Арван хоногийн дараагаас түүнийг цаашид талбайд гарах боломжтой эсэхийг дахин шинжилгээний дараа тодорхолох юм байна.

Япон легионерийн бэртлээс шалтгаалж хоёр багийн тоглолт нилээд хугацаагаар завсарласан. Ингээд Ейсүкэ Моригийн биеийн байдал сайжирсны дараа тоглолт дахин ширүүн уур амьсгал дор үргэлжилж, үндсэн цаг дуусахын өмнөхөн “Дэрэн”-гийн хаалгач Милос Рнич торгуулийн талбайдаа алдаа гаргаж, торгуулийн цохилтыг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй Н.Наранболд гүйцэтгэснээр багтаа тэргүүллийг авчирсан юм.

Н.Наранболдын гоолоос гурван минутын дараа үндсэн цаг дууссан ч шүүгч алдагдсан хугацааг нөхөн, 15 минут сунгасан. Энэ нь “Дэрэн”-д оноо авахад хангалттай хугацаа байсан ч үндэсний дээд лигт анх удаа оролцож буй “Атлетик 220” 1:0 гэсэн үр дүнгээ хадгалж чадсанаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
aaa
2017-05-23 02:26:55
bie ee sn emchluled talbaid deer ergej ireerei.