Залуучуудын футзалын шигшээ баг түүхэн хожил байгууллаа
Бэлгүүн Намсрай
2017-05-16 19:39:39

Монголын залуучуудын футзалын шигшээ баг Тайландын нийслэл Бангког хотноо зохиогдож буй “Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ”-ий “D хэсэг”-ийн анхны тоглолтоо өнөөдөр хийлээ.

Анх удаа Азийн АШТ-нд оролцож буй манай залуучуудын шигшээ багтай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират улс нь футзалын чансаагаараа тивдээ 21-т бичигддэг юм. Тэр ч утгаараа чансаа дээгүүр АНЭУ-ын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхлүүлсэн ч Монголын шигшээ багийн ахлагч А.Тэмүүжин 13 дахь минутад тоог тэнцүүлэв. Хэдийгээр А.Тэмүүжиний гоолоос ердөө гурван хормын дараа эсрэг тооны харьцааг 2-1 болгосон ч эхний хагасын сүүлийн минутад манай шигшээ багийн долоо дугаартай тоглогч Б.Баттулга 10 метрийн торгуулийн цохилтоос тоог дахин тэнцүүлсэнээр нэгдүгээр үе өндөрлөсөн.

Харин шийдвэрлэх үед “Талын хөх чононууд” илүү тоглолтыг үзүүлэн, эхний үед гоол оруулсан А.Тэмүүжин, Б.Баттулга нар нэмж нэг нэг гоол оруулсанаас гадна Э.Бат-Оргил багийнхаа тав дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсэн. Хэдийгээр АНЭУ-ын шигшээ баг сүүлийн хагаст нэг гоол оруулан, хоёр торгуулийн цохилт гүйцэтгэсэн боловч манай хаалгач Б.Бадамжсэрээжид найдвартай тоглолтыг үзүүлсэнээр хоёрдугаар үед хаалгандаа ганцхан гоол алдаж 3:5-аар хожлоо. Тийнхүү АНЭУ-ын буулган авч Азийн АШТ-ий анхны тоглолтдоо хожсон Монголын шигшээ багийн залуус маргааш 13:00 цагт тивийн футзалын чансааг тэргүүлэгч Ираны багтай тоглоно. Тиймээс нийт баг тамирчид, шигшээ багийн бүрэлдэхүүнд амжилт хүсье.

 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих