Хачигт халдвараас сэргийлье
Э. Цаагий
2017-05-08 13:56:43

Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.

Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлсэн байдаг. 2005-2015 оны хооронд нийт 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 956 нь эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, тархвар судлалаар оношлогджээ. Өөрөөр хэлбэл, хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширсон байна. Нийслэл орчмын уулт хээрийн бүсэд хачигны тоо толгой харьцангуй өндөр байдгийг 2015 онд хийсэн хачигт халдварын тандалт судалгааны үр дүнд илрүүлсэн ажээ.

Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхитэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна. Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.

Хачиг нь эзэн амьтан руугаа мөлхөж очдоггүй бөгөөд тэсвэртэй нь аргагүй хүлээж байдаг. Жишээлбэл, ойн хачиг хүн явдаг жим дагаад өвсний үзүүрт байж байдаг. Тандалт судалгаагаар, ойн гүнд хачгийн нягтаршил бага. Ойн жимээр их, метр хэрийн өндөрт ч эзнээ хүлээгээд байж байдаг.

Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Хачигт хазуулахад төрлөөсөө шалтгаалж хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ.

 Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг гэсэн үг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.

Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хачигт рикетсиоз өвчин нь хазуулсан хэсэгт тав үүсэх, бүх биеэр цэгчилсэн тууралт үүсэх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндрэл нь мартамхай болох, саа саажилт, тэнэгрэл үүсэх аюултай. Мөн амь насанд ч аюултай. 2005 оноос хойш нийт бүртгэгдсэн тохиолдлын ес нь нас барсан байна.

Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?

  • Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэсэн байх шаардлагатай. Голомтот нутгийн хүн ам эхний тунг 9-11 сард хийлгээд хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийлгэнэ.

Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:

  • Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах
  • Хачигны тос түрхэх
  • Хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
  • Хүйтэн жин тавих

Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих