Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро шинэ Үндсэн хуультай болох асуудлаар бүх ард түмний чуулган явуулахыг уриалав
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-02 17:28:58

Сөрөг хүчнийхэн болон ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаригт шинэ Үндсэн хуультай болох асуудлаар бүх ард түмний нэгдсэн чуулган явуулахыг уриалсан байна. Венесуэлийн социалист удирдагчийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан олон нийтийн жагсаал хөдөлгөөн сүүлийн нэг сар гаруйн хугацаанд өдөр бүр тасралтгүй зохиогдсоор байгаагаас гадна Венесуэлийн эдийн засаг гүнзгий хямарч, инфляцийн түвшин гурван оронтой тоонд хүрээд байгаа юм. Харин Н.Мадурогийн хувьд бүх ард түмний нэгдсэн чуулганыг зохион байгуулж, шинэ Үндсэн хуультай болсноор дотооддоо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг арилгаж, энх тайван байдлыг авчрах болно хэмээн үзэж байгаагаа онцоллоо. Мөн тэрээр сөрөг хүчнийхэн түүнийг унагаж, төрийн эргэлт хийхийг зорьж байна гээд энэ нь улс орны байдлыг улам дордуулах болно гэсэн байна. Дээрх мэдэгдлийн дараагаар сөрөг хүчнийхэн эдгээр өдрүүдэд ард иргэдийг гудамж талбайд гарч, ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардахыг уриалсан байна. Венесуэл улсын сөрөг хүчнийхнийг тус улсын Үндэсний Ассемблейн ерөнхийлөгч Хулио Борхес тэргүүлж байгаа бөгөөд ард иргэдийг эсэргүүцлийн жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхийг уриалжээ. Мөн тэрээр лхагва гаригт сөрөг хүчний зүгээс томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал явуулах төлөвлөгөөг танилцуулах болно гээд тус улсын Зэвсэгт хүчнийхнийг Үндсэн хуулийн дагуу улсынхаа ард иргэдийг хамгаалахыг уриалсан байна.  

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих