Ж.Мөнхбат: Хотын дэд бүтэц, төлөвлөлт, үйлчилгээний асуудлыг зохицуулахад засаг захиргааны удирдлагын бүтэц шаардлагатай
Э. Цаагий
2017-05-01 14:47:33

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” хуралдаан нь “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр үргэлжилж байна.  Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат товч танилцууллаа.

Тэрээр,  1992 оны Үндсэн хуулийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулахдаа хуучин нэгжүүдэд шууд харгалзуулан байгуулсан юм. Эдгээр нэгжүүдийг эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь хангах, засаг захиргааны нэгжийг нэгтгэн зохион байгуулах замаар шинэчлэх ажлыг улсын эдийн засгийн боломж хомс байснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хийгээгүй юм. Ялангуяа сумдад ийм шинэтгэл нэн даруй шаардлагатай байна.

Үүний дээр одоо байгаа тогтолцоо нь нутгийн удирдлагын субъекттэй төр засгийн болон иргэдийн зүгээс хариуцлага тооцоход оновчтой бус, орон нутагт улс төрждөг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэж иргэд шүүмжлэх болсон. Үүний үр дүнд сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс шууд сонгодог, эсвэл томилдог болгох тухай саналууд гарах болсон.

Сэдвийн дагуу дараах саналуудыг дэвшүүлж буй юм. Үүнд:

Санал 4.1: Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх;

Санал 4.2:  Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум дүүргийн Засаг дарга шууд томилдог болох  зэрэг саналыг гаргалаа.

Мөн санал болгож буй өөрчлөлтийн эерэг, сөрөг тал, өмнөх ба одоогийн Үндсэн хуулийн зохицуулалт, өнөөгийн бодит байдлын талаар илтгэлдээ дурдлаа.  Эдгээр саналын дагуу 49 хэсэгт хуваагдсан 758 иргэн хэсэг хэсгээрээ асуулт тавьж, хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих