“Хүрхрээ үндэсний лиг” тун удахгүй нээлтээ хийнэ
Бэлгүүн Намсрай
2017-04-13 16:22:54

Монгол улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг” энэ сарын 29-ны бямба гаригт нээлтээ хийнэ. Гурав дахь жилдээ “Хүрхрээ” нэрээр зохиогдох гэж буй Монголын Хөлбөмбөгийн үндэсний лигийн тэмцээн энэ удаад илүү өндөр түвшинд шинэлэг өнгө төрхтэйгөөр зохиогдоно. Өдөр мэт гэрэл гийх Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэн энэ жилээс хөлбөмбөг үзэхэд хамгийн тохиромжтой цагуудаар “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудыг явуулах болно. Амралтын өдрүүдийн оройн цагуудаар явагдах лигийн гал гарсан тоглолтууд, жинхэнэ хөлбөмбөгийн уур амьсгал бүрдсэн тухлаг орчинд үзэх боломжийг үзэгчиддээ бүрдүүлжээ. Өнгөрсөн жилээс “Хүрхрээ” үндэсний лигийн байр болгон мөнгөн шагналтай тул лигийн өрсөлдөөн улам бүр нэмэгдсэн билээ. 20 сая төгрөгийн шагналыг байр эзэлсэн багуудад хуваан гардуулж өгөх бөгөөд тус мөнгийг тасалбарын орлогоос олох тул үзэгчид Монголын хөлбөмбөгт эргэх холбоо үүсгэн, бодит хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь лигийн клүбүүдэд бодитоор нөлөөлж, манай багуудын бүрэлдэхүүн урьд өмнөхөөсөө хүчирхэгжээд байна. Солилцоо наймаагаар багаа хүчирхэгжүүлдэг дэлхийн хөлбөмбөгийн жишиг манайд нэвтэрч үндэсний шигшээ баг төдийгүй дээд лигийн чадварлаг тоглогчид буйраа сэлгэсэн. Тодруулбал О.Оюунбаатар, Ж.Сүндорж “Улаанбаатар сити”, О.Баяржаргал “Сэлэнгэпресс”, Д.Төрбат, Н.Наранболд “Атлетик 220” клубт нэгдэн, олон сонирхолтой шилжилт хөдөлгөөнүүд хийгдлээ.

 

Түүнчлэн АНУ, Япон, Испани, Итали, Орос гэх мэт томоохон гүрнээс ирсэн легионерууд манай лигийн бас нэгэн чимэг болох болно. Ийнхүү “Атлетик 220”, “Гоёо”, “Дэрэн”, “Унаганууд”, “Улаанбаатар”, “Улаанбаатар сити” “Сэлэнгэпресс”, “Хоромхон”, “Хангарьд” “Эрчим” гэсэн шилдэг багууд 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын төлөө, бүтэн зургаан сарын турш өрсөлдөнө. Байр болгон шагналын сантай учраас багууд нэг шат ахихын төлөө эцсээ хүртэл тэмцэж, үзэгч хөгжөөн дэмжигчдээ баясгах нь дамжиггүй билээ.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих