Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид... Та уншаад нэг үзээрэй
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-04 18:03:00

Номын зургийг интернэтээс харахад л насан туршдаа эмх цэгцийг хайн явсан ч нэг их үр дүнд хүрээгүй хүний хувьд ариун библи шиг л санагдсан. Гаднаасаа хатуу хавтастай жижигхэн, ер нь багагүй ном уншдаг хэмээн өөрөө итгэдэг хүний хувьд нимгэвтэр санагдав. Ер нь ч сунжирсан олон юмгүй, эмх цэгцтэй яг л нэр шигээ санагдсан нь ихэд таалагдсан. Эх хувийг нь уншиж үзээгүй ч орчуулга ба найруулга нь бага зэрэг ойлгомж муутай, наалдац багатай санагдсан боловч ерөнхийд нь ойлгож болмоор, чухал зүйлүүд нь тод томруун байсанд ойлгохгүйн зовлон байсангүй. Ж.Нэргүй гуайн “Аливаа орчуулга тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой” гэдэг үгстэй өөрийн эрхгүй санаа нийлдэг бөгөөд уг нь орчуулсан ном хүнийх мэт биш өөрийн мэт дотно уншигдахад урамтай сайхан санагддаг билээ.

Миний ойлгосноор энэ ном нь 3 чухал санаанаас бүрдэнэ: Сэтгэлд оч асаасан зүйлээ авч үлдээд бусдаас нь талархан ангижрах, авч үлдсэн зүйлсээ байршуулах, эцэст нь бүх зүйлдээ талархаж сурах.

1. Сэтгэлд оч асаасан зүйлсээ авч үлдэх нь- Хэрвээ бид зөвхөн хүссэн зүйлээ л хийж амьдардаг бол сэтгэлд тун сайхан санагдана. Үүнчлэн Кондо бидэнд бүх зүйлдээ хүрч үзээд өөрийн сэтгэлд оч үсэргэж, сэтгэл хөдөлгөсөн зүйлсээ авч үлдэхийг хүсэв. Ингэснээр та зөвхөн өөртөө үнэхээр таалагддаг хувцсыг л өдөр бүр өмсөнө гэсэн үг. Бүх хувцсаа газар дэлгэж нэгд нэггүй барьж үзээд сэтгэлд тань оч асаах мэт баясгаж буй хувцсаа л ялгаж авах нь чухал ба ингэж ялгасан хувцсаа өлгөхийн оронд ороож эвхэн хурааснаар зайг маш ихээр хэмнэдэг байна. Энэ зөвлөгөөг би өөртөө хэрэгжүүлж үзэхэд 10 уут хувцас, сүүлийн арваад жил зүүгээгүй гоёл чимэглэл, хүмүүсийн надад бэлэглсэн хэзээ ч хэрэглээгүй бэлэг гэх мэт олон зүйлээс ангижирсан ба дийлэнх нь надад ийм зүйл байсан эсэхээ ч мартсан зүйлс байсан гэдгийг онцлон хэлмээр байна.

Кондо хэлэхдээ “Эд зүйлс бидэнд ирэхдээ баярлуулдаг ба түүнээс хойно хэрэглэгдэхгүй байсан ч зүгээр. Тэр бидэнд ирэхдээ л баярлуулсан, таалагддаг таалагдаагүй зүйлсийг минь ялгаж мэдэхэд тусалсан нь хангалттай учраас хаях гэж буй хувцас бүрээ нэг бүрчлэн гартаа барьж талархаад уутанд баглан хая” хэмээсэн. Мари багласан зүйлээ хаяхдаа хүнд үзүүлэхгүй байхыг зөвлөсөн ба хүмүүс рефлексээрээ бусдын хаяж буй зүйлээс өөрт хэрэггүй зүйлсийг ч хамаагүй, “Хайран юм” хэмээн авдаг тухай сануулсан нь ч үнэн болж таарав. Миний хаях гэж байсан хувцсан дунд бараг л нэг уут нь тэр чигээрээ миний өөрийн бусдаас “Хэрэглэхгүй юм бол надад өгчих” хэмээн авсан зүйлс байсан юм даа. Эгчээсээ авсан даашинз, ээжийн зүүхгүй байсан алчуур гээд л... Мөн сүүлийн хоер жил өмсөөгүй шинэхэн цамцаа таалагдахгүй байсан ч хаяхад хайран санагдаад гэрт өмсөнө хэмээн өөрийгөө хуурсаар бүтэн 2 жил болсноо хараад энэ ахиад 10 жил өлгөөгдсөн ч би өмсөхгүй юм байна гэдгээ өөртэйгөө ярилцаж ойлгов. Гэртээ бид маш их цагийг өнгөрүүлдэг тул гэрийн хувцас маань тун эвтэйхэн, бие сэтгэлд нийцдэг байх естойг зохиолч маань бас л сануулаад амжсан. Ингээд би “алдарт” 10 уут-сэтгэлд оч асаагаагүй хувцас, эд зүйлстэйгээ салах ёс гүйцэтгээд өрөөнөөсөө гаргахдаа ийм их зүйл манай хаана нь багтаж байсныг ихэд гайхсан. Хувцаснаас эхлээд, ном, бичиг баримт, эцэст нь дурсамжит зүйлсээ ялгавал зохино.

2. Авч үлдсэн зүйлсээ байршуулах нь-Нэгэнт л сэтгэлийг тань хөглөсөн зүйлсээ одоо зөв байршуулахад их учир бий. Бүх зүйлийг төстэй төрлөөр нь ялган байршуулах ба ингэхдээ үргэж энэ оноож өгч буй байранд нь буцаан аваачих шаардлагатай санах хэрэгтэй. Яг л түр авч хэрэглээд буцааж гэрт нь хүргэх мэт. Би хувьдаа бичиг хэрэглэлээ нэг шургуулгадаа, яаралтай хэрэгтэй зүйлс буюу чухал бичиг баримт ажлын дэвтэр түрийвч зэрэг зүйлсээ нэг шургуулгад, электрон бараатай холбоотой зүйлсээ өөр шүүгээндээ, өөрийн хоббитой холбоотой зүйлсээ доод тавиурт тавих гэх мэтээр ангилсан ба одоо би хүссэн бүхнээ нүдээ аниад ч олох боломжтой санагдав. Энэ нь яг л хорин нэгэн аймагт харьяалал тогтоох шиг зугаатай санагдсан. Ингэж ангилсан зүйлс маань 2 сарын турш лав огтхон ч муухай болоогүй ба хамгийн чухал зүйл нь буцааж “гэрт нь хүргэх” буюу байранд нь тавихад оршиж байгаа мэт санагдлаа.

“Бурхны авралаар” би олон шургуулгатай шкафанд голцуу юм хадгалдаг учир нэг их зүдэрсэнгүй. Харин танд шургуулгатай биш нэг том шүүгээ сав байдаг бол гутлын хайрцагнуудад ангилахыг зөвлөе- Ямар ч үнэтэй хайрцгаас эвтэйхэн хадгалж хураахад хэвээ алдахгүй ба дөрвөлжин тэгш өнцөгт гардаг нь их эмх цэгцтэй харагддаг. Хувцсаа хадгалахдаа дугуйлан ороож эвхвэл өнгө ялгарч сайн харагдах, нүдэнд хурдан үзэгдэх давуу талтай ба номон дээр зураглаж харуулаагүй учир интернэтээс хайн олохыг зөвлөе. Харин өлгөх зайлшгүй шаардлагатай хувцасаа цайвраас нь гүн өнгө рүү уусган өлгөвөл шүүгээ эмх цэгцтэй болон уужим сайхан харагдана. Энэ процесс бүрэн явагдаж дуусахад шалны тоос шороогоо л арчина уу гэхээс бус өөр цэвэрлэх зүйл бараг үгүй болж, байнгын эмх цэгц авчирна.

3. Талархаж сурах нь-Эцсийн шат бөгөөд надад хамгийн их таалагдсан шат бол талархаж сурах. Бидэнд гараа сунган тусалсан хүмүүст бид талархдаг шиг, бидний төлөө “амь бие үл хайхран зүтгэж”, бидний амьдралд тус нэмэр болдог бүх зүйлдээ талархаж сурах явдал юм. Үнэнийг хэлэхэд энэ тал дээр би тийм ч ахиц гаргаж чадахгүй байгаа ч байнга өөртөө сануулж хайрлан хүндэтгэж талархлаа илэрхийлж сурахаар хичээж буй юм. Энэ зан чанар Монголчуудад маань их дутаж буй харагддаг. Өнөөдөр цүнхээ үүрч ирээд, бидний эд зүйлсийг хямгадаж хадгалж ирсэнд чинь талархлаа гээд дотроо байсан зүйлсийг “гэр гэрт нь хүргэж өгөөд” түрийвч картаа шургуулгадаа байршуулж, уруулын будгаа толиныхоо урд тавиад, цүнхээ буцааж хураадаг тухайгаа Кондо өөрийгөө жишээ татаж бичсэн нь сэтгэлд тун ойр байлаа. Намайг дааруулалгүй гэрт минь авчирсан ороолтод талархлаа гэвэл бага зэрэг галзуу солиотой мэт харагдавч энэ нь цаанаасаа бүх зүйлд талархаж сурах улмаар илүү эерэг тайван болгох философи явж байгааг сүүлд уншиж буй номтойгоо холбон ойлгох болсон билээ. Үүгээр ч зогсохгүй гэртээ орж гарахдаа мэндлэх нь, хувцас хунартаа талхараж хайрлах нь хувцасны эдэлгээ болон гэрийн уур амьсгалд ч өөрчлөлт ордог шиг санагдсан шүү.

Эцэст нь хэлэхэд ямар орчинд амьдармаар байгаа төсөөлж түүндээ багтах зүйлсийг л амьдралдаа авч үлдэх нь чухал санагдсан. Яг энэ аргаар би өрөөнийхөө байрлалыг сольж, бүх зүйлээ ялган байршуулаад талархаж эхэлснээс хойш өрөөндөө байх улам дуртай болсон ба өрөөндөө илүү их цагийг өнгөрөөх болсноо ч анзаарсан юм. Харин ээж маань байн байн миний өрөөнд орж ирээд баймаар болсон тухайгаа надад хэлсэн юм. Тэгээд удалгүй энэхүү Кондо гийн арга байдлаар юмаа цэгцэлж эхэлснээ саяхан надад дуулгасан тухай хуваалцахад сайхан байна. Энэ бол яах аргагүй Япон улсын дэлхийд гайхагддаг хувь хүний соёлын нэг жишээ билээ.

Энэ номыг бичсэн Кондо авхайд ихэд талархаж буйгаа, Монгол хэлнээ унших боломжийг олгосон хэвлэлийн байгууллага, орчуулагчид нь,эцэст нь надад талархах хайрлах гамнах ухаанаа харамгүй заасан энэхүү номонд чинь сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлье. Номын тэмдэглэлээ би та бүхэнд ч бас амьдралдаа нэг шат өгсөхөд, хувь хүнээ хөгжүүлэхэд нэмэр болох байх хэмээн итгэж нийтэллээ.

Эх сурвалж: Нийтлэлч-Нари

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих