"Баянгол FC"-д шинэ өнгө нэмэх "Бяцхан Самурай" Сейта Ишикава
Чадраабал Баатарзориг
2016-08-05 10:55:37

7-р сарын 31-ний өдөр хаагдсан Монголын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонхоор 22 настай Япон хагас хамгаалагч Сейта Ишикава "Сэлэнгэпресс" клубээс "Баянгол FC"-д нэгдлээ. Түүний шинэ гэрээ 2016 оны улирал дуустал хүчин төгөлдөр байх юм.

Сейта Ишикава Саппоро хотын Дохто Их Сургуулийг дөнгөж төгсөөд Монголд ирж улмаар "Сэлэнгэпресс" багтай гэрээ байгуулж мэргэжлийн хөлбөмбөгчийн карьераа эхлүүлж байлаа. Дараа нь тэрээр "Гоёо FC" багт зээлээр очиж улмаар тус клубыг 1-р дивизионд дэвшихэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Энэ үедээ тэр хэд хэдэн багаас санал хүлээн авсны дотор зөвхөн Монголын клубүүд биш Испани, Чех, Киргизстанаас түүнийг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Яг энэ үед "Баянгол FC" түүнд санал тавьж Сейта Ишикава ч саналыг таатай хүлээн авснаар энэхүү наймаа маш богино хугацаанд биеллээ олсон юм.

Сейта Ишикава: "Би 7-р сарын 24-нд "Баянгол FC", "Улаанбаатар Сити" багуудын тоглолтыг үзсэн. "Баянгол FC" клубт маш олон авьяаслаг залуу тоглогч бий. Энэ багт цаашид олон ялалт авах бүрэн хүч чадал байгаа. Англи дасгалжуулагч Шадаб Ифтихар их сайн мэргэжилтэн. Би түүнээс маш их зүйлийг сурч байна. Би Монголын лигт сайн тоглохын төлөө бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Би хувьдаа баг маань Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигтээ үлдэж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярилаа.

Сейта Ишикава ердөө 154 см өндөр. Магадгүй тэр Монголын лиг дэх хамгийн намхан тоглогч байж болох ч хамгийн хөдөлмөрч, бас техник сайтай тоглогчдын нэг. Сейта Ишикавад болон "Баянгол FC" багт амжилт хүсье.

 

2
Таалах
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих